Египетийн Ерөнхийлөгчийн сонгууль лхагва гаригт дуусав. Хамгийн магадлалтай гэж үзэж байсан нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Абдель Фаттах аль-Сиси ихээхэн өргөн хүрээтэй ухуулга хийсэн ч сонгогчдын оролцоо муу байжээ. 54 сая сонгогчийн 21 сая гаруй нь буюу 39 хувь орчим нь саналаа өгсөн байна. Өөрийнх нь төлөө 40 сая хүн буюу сонгогчдын 80 хувь саналаа өгнө гэж Аль-Сиси тооцоолж байсан гэнэ. Сонгогчид энэ сонгуульд ийм “хүйтэн” хандсан нь Арабын хамгийн том улсын удирдагч болох бодолтой энэ генералд цохилт болсон байна.
Ерөнхийлөгчөөр нь бас л цэргийн хүн сонгогдох гэж буйд, эрх чөлөөг нухчин дарсанд олон египет хүн сэтгэл дундуур байсан хийгээд цэргийнхний заналт дайсан лалын шашинтнууд сонгуульд оролцохгүй байхыг уриалсан нь хүмүүсийн идэвх сул байхад нөлөөлсөн бололтой. Каирын нэгэн хувийн компанид алба хаадаг 26 настай Мохаммед Ахмед “Сонгуульд идэвхгүй оролцсон нь Сисид барьж буй бэлэг. Түүний төлөө Египетийн хүн амын олонх болж буй залуучууд биш, хөгшид л санал өгч байгааг тэрбээр хараа бизээ” гэж хэлсэн байна. Гэлээ ч сонгуульд оролцсон хүмүүсийн 92.3 хувийн саналыг генерал авчээ.
Сонгуулийн эцсийн дүнг тав хоногийн дотор гаргах аж. Нэр дэвшигч генерал Абдель Фаттах альСиси Ерөнхийлөгч Мурсийг огцруулсан 2013 оны төрийн эргэлтийг удирдсан юм. Мурсийн дэмжлэгээр эрх мэдэлд хүрээд байсан “Лалын ахан дүүс” болон түүнийг дэмжигчдийг арми нь хатуу ширүүнээр дарсан билээ.
Р.ЖАРГАЛАНТ