БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Инин хотын нэгэн цэнгэлдэх хүрээлэнд 55 хүнийг 7000 гаруй хүний өмнө нэгэн зэрэг шүүжээ. Яллагдагчид бүгд исламын шашинтай уйгарууд бөгөөд тэднийг алан хядах ажиллагаанд оролцсон, салан тусгаарлалтыг дэмжсэн, бусдын амийг санаатайгаар хөнөөсөн зэрэг хэргээр шүүсэн байна. Тэдний гурвыг цаазлахаар болж, арваад хүнд бүх насаар нь хорих ял оноосон гэсэн мэдээ байна. Гэхдээ Хятадын албаныхан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны үеийн хэдхэн зургийг л нийтэд дэлгэжээ. Энэ явдал өнгөрсөн пүрэв гаригт Шинжааны нийслэл Өрөмч хотод болсон алан хядах ажиллагаатай холбоотой бололтой.
Хүнсний ногооны зах дээр болсон тэрхүү халдлагад 40 хүн амь үрэгдсэн юм. Харин дээрх яллагдагчдын дунд уг хэргийг үйлдсэн хүмүүс байсан, үгүй нь тодорхойг үй байна. Зах дээр болсон дэлбэрэлтийг амиа золиослогч таван уйгар иргэн үйлдсэн гэж БНХАУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлсэн юм. Уг хэргээс ердөө гурван долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Өрөмч хотын галт тэрэгний буудал дээр мөн бөмбөг дэлбэрч, нэг хүн амь үрэгдэн, 80 хүн шархадсан. Энэ халдлагын дараа Хятадын Засгийн газар улс орон даяар терроризмтай тэмцэх бүтэн жилийн хөтөлбөр эхлүүлсэн юм.
Энэ хүрээнд олон хүнийг “хоморголон” яллаж, нийгмийг зориуд айдаст автуулж байна гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үзэж буй. 50 гаруй хүнийг олны өмнө шүүсэн дээрх явдлыг ажиглагчид 1960-1970-аад оны үед Соёлын хувьсгалын үеэр олонтаа болж байсан нийтээр нь шүүх ажиллагаатай зүйрлэж байна.
Г.ДУЛАМ