Цай зарж амьдралаа залгуулдаг байсан хүний хүү Нарендра Моди ядуу гэр бүлээс гаралтай хэрнээ өдий зэрэгт хүрснээ Энэтхэгийн ардчиллын ололт гэж үздэг. Тэрбээр 1950 онд умард Гужарат мужийн Ваднагар хэмээх жижиг хотод төрж, бусдад тусалж байх эрхэм чанар өөрт нь “суулгаж” өгсөн гайхамшигт орчинд өсөж өндийсөн байна. Тэрбээр бага балчраасаа эцэг, ах хоёрынхоо гудамжинд цай зарах ажилд нь тусалдаг байжээ.
Хүүхэд байхад нь сүй тавьсан охинтой гэрлэхийг Модийг 17 настай байхад эцэг, эх нь албадав. Гэвч тэд удалгүй салжээ. Хүүхэдгүй, хувийн амьдралаа төдийлэн боддоггүй түүнийг иүдийн шашин ёсоор гэргий авахгүй байхаар шийдсэн хүн гэж ярилцдаг байж. Тэрбээр бас мах иддэггүй, архи дарс огт хэрэглэдэггүй. Моди Ерөнхий сайдаар сонгогдсон баяраа өнгөрсөн сарын 16-ны орой төрөлх Гужарат муждаа тэмдэглэхдээ “Энэтхэг улсын эрх чөлөөтэй болох тэмцэлд өөрийгөө зориулах боломж надад олдоогүй юм. Харин эрх мэдэлд дэг журам тогтооход оролцох боломж олдлоо” хэмээн баяр хөөр нь багтаж ядсан хүмүүсийн өмнө хэлсэн юм.
Модигийн удирддаг Бхарати Жаната нам парламентын сонгуульд ялж, доод танхимдаа олонх боллоо. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийг тэргүүлж, Британийн колоничлолоос чөлөөлснөөр барахгүй, сүүлийн 67 жилийн турш эрх мэдлийг атгаж байсан Энэтхэгийн Үндэсний конгресс хэмээх социал-демократ нам сонгуулийн дүнг албан ёсоор зарлахаас өмнө ялагдлаа хүлээв. Неру-Гандигийн улс төрийн удамд энэ удаа парламентын 545 суудлын ердөө 44 нь оногдож, Модигийн нам 282 суудалтай боллоо.
Модийг Ерөнхий сайдын суудалд энэ сарын 20-нд албан ёсоор залсан юм. Засгийн газраа эмхлэн байгуулахыг Ерөнхийлөгч Пранаб Мухержи түүнд даалгав. Үүний дараа тэрбээр өөрийн намаас сонгогдсон депутатуудтай уулзахаар 67 жилийн өмнө Үндсэн хууль баталж байсан танхимыг зүглэн, үүдэнд нь сөхрөн мөргөлөө. Энэ ялалтыг 1980 онд байгуулагдсан Модигийн намын ерөнхийлөгч Ражат Сингх “Манай намын түүхэн дэх шинэ эриний үүрийн туяа” гэж нэрлэв.
Моди залуу байхдаа буяны үйлс, боловсролын хөтөлбөр боловсруулах, байгалийн гамшгийн үед сайн дурын тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллагад элссэн байна. 1967 онд Гужаратад үер болоход Моди аврах ажиллагаанд оролцож, Энэтхэг-Пакистаны дайны жилүүдэд цэргүүдийг фронт руу илгээх ажилд сайн дураар хувь нэмрээ оруулж явжээ. Пакистантай хийсэн дайны уршгаар улс орны эдийн засаг хүндэрснээс Индира Ганди онцгой байдал зарласныг эсэргүүцэгчдийн дотор Моди байлаа. Улмаар 1987 онд Бхарати Жаната намд элсэв. 1995 онд Гужаратад болсон бүс нутгийн сонгуульд тус нам гуравны хоёрын санал авч, түүнээс хойш энд “эзэн суужээ”. Гурван жилийн дараа Модийг тус муж улсын гол сайдын албанд томилж, саяхны сонгууль болтол тэрбээр энэ албыг хашсан юм.
Гол сайд болоод 2001 онд газар хөдөлснөөс учирсан хохирлыг арилгахыг эхний зорилгоо болгов. Энд 13 жил болоход тэр янз бүрийн үг олныг сонслоо. Дэмжигчид нь түүнийг шийдмэг удирдагч гэнэ. “India Today” сэтгүүл Модийг 2006, 2011 оны шилдэг сайдаар нэрлэв. “Дайснууд” нь Модийг үндсэрхэг үзэлтэн гэж шүүмжилнэ. 2002 онд тус муж улсад лалын шашинтнуудын үйлдсэн алан хядах, хорлон сүйтгэх үйлдлийг зогсоох оролдлого хийгээгүй хэмээн ийн зэмлэдэг байна. Шашны үзэн ядах үзлээс үүдсэн уг үйлдлийн улмаас 58 хүн амьдаараа шатаж, 1000 гаруй хүний амь эрсдэж, орон гэргүй болсон хүмүүс одоо ч толгой хоргодох газаргүй байгаа юм. Тэр үед уг үйлдлийн эсрэг яагаад ямар нэг арга хэмжээ аваагүйгээ Моди өнөө хүртэл олигтой тайлбарлаагүй. Уг хэргийн төлөө түүний ойрын зөвлөхүүдийн нэг байсан Маия Коднани гэгч л 28 жил хоригдох ял авчээ. Гужарат муж улсад болсон энэ хэрэг явдалд оролцсон гэж сэжиглэсний улмаас Модийг 2005 оноос АНУд очихыг нь хориглосон байна. Америкийн эрх баригчид өнгөрсөн оноос л түүнд нааштай ханддаг болжээ. Түүгээр ч барахгүй парламентын саяны сонгуулийн дүн нэгэнт тодорхой болоод ирмэгц АНУ-ын Ерөнхийлөгч анх түрүүнд Модитой утсаар ярьж баяр хүргээд, айлчлахыг урьсан юм.
Модийг хүчтэй уран илтгэгч гэж үздэг. Өнгөрсөн оны есдүгээр сард нам нь түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээс хойш тэрбээр улс орноороо хөндлөн гулд явж, сонгогчидтойгоо 440 уулзалт хийсэн байна. Үндэсний конгресс намыг эрх барьж байх үеийн сүүлчээр Энэтхэгийн эдийн засаг 10 хувиар өсс өн ч төрийн аппарат нь авлигад идэгдэж, татварын системийг муу удирдаж байна гэсэн хэл ам гарах болжээ. Тэгвэл шинэ Ерөнхий сайд өөрчлөлт хийх өөрийн төлөвл өгөөг нарийн задлаагүй ч эдийн засагт төрийн хяналтыг хүчтэй болгож, жижиг бизнес, хувийн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнд суртлыг багасгахаа амласан нь ялангуяа бизнес эрхлэгчдийг эрхгүй татсан байна. Сонгуулийн сурталчилгааны үед Моди бизнесийн өмнө “улаан хивс дэлгэх ёстой болохоос улаан тууз татах хэрэггүй” гэж хэлсэн юм. Нарендра Дамодардас Моди 2014 оны тавдугаар сарын 26-нд тангараг өргөж, БНЭУ-ын Ерөнхий сайд боллоо. Тэрбээр айлын зургаан хүүхдийн гурав дахь нь аж. Багаасаа улс төр сонирхож, улс төр судлаач болсон байна. Нарендра Моди харилцааны цахим хэрэгслийг өргөн ашигладаг. Түүнтэй ийм хэрэгслээр харилцдаг дөрвөн сая хүн бий гэж үздэг. Тэрбээр бас шүлэг бичдэг гэнэ лээ.
Р.ЖАРГАЛАНТ