Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Европын холбооны гишүүн орнуудад эхэлсэн Парламентын сонгууль радикалуудын ялалтаар өндөрлөлөө. Хэт барууны үзэлт, популистууд Их Британи, Дани, Франц, Унгар, Австрид 15 хувийн санал авч давамгайлжээ. Тэгвэл Грек, Ирландад зүүний хөдөлгөөн илүү дэмжлэг хүлээсэн байна. 751 суудалтай Европын холбооны хууль тогтоох байгууллагад нийт суудлын дөрөвний нэгийг Европын холбоонд талархалтай ханддаггүй хүчний төлөөлөл эзлэхээр болоод байна. Суудлын гол хувийг уламжлалт намууд авчээ.
Словенид консерватив намууд “өнгөлжээ” Европарламентад баруун төвийн хүчний эрх ашгийг төлөөлдөг Европын ардын нам 213, социал-демократууд 190, либерал, ардчилагчдын холбоо 64, ногоон намынхан 53 суудал авчээ. Британийн улс төр судлаач Саймон Хиксийн үзэж буйгаар сонгуулийн ийм үр дүнгээр Европарламентад их эвсэл байгуулахаас аргагүйд хүрч буй бөгөөд Европын холбоо цаашдаа шийдвэр гаргахдаа консерватив байр сууринаас хандаж таарах гээд байна. Тэгэхдээ нэгэн дипломатчийн хэлснээр намын байр сууринаас болж санал зөрөлдөх нь эвсэл дотроо нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд л нөлөөлнө үү гэхээс биш гадаад бодлогод хамаарахгүй байж мэднэ. Жозе Мануэль Баррозугийн оронд Еврокомиссыг тэргүүлэх хүнийг тодруулах үед л Европарламентын төлөв байдал анхны дүр төрхөө харуулах биз.
Энэ суудалд баруун төвийн нэр дэвшигч Люксембургийн Ерөнхий сайд байсан Жан Клод Юнкер сууж магадгүй. Гэвч түүний нэрийг дэвшүүлэхийг Франц, Англи, Унгарын удирдагчид эсэргүүцэж буй аж. Тиймээс өчигдөр Брюссельд Европын холбооны гишүүн орнуудын тэргүүн нар уулзаад эцсийн шийдвэр гаргаж чадаагүй байж мэднэ. Орос улс хийгээд Европын холбооны харилцааны хувьд эцсийн шийдвэрийг тус холбооны гишүүн орнуудын удирдагчид л гаргах болохоор Парламентын гишүүдийн байр суурьт дорвитой өөрчлөлт гарахгүй л болов уу.
Р.ЖАРГАЛАНТ