Хотын сурагчид өнөөдөр шаардлага хангахгүй түрээсийн байранд хичээллэж, нэг ширээнд гурваараа чихэж, багачууд нь цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадаагүй өнөө л янзаараа байна. Ер нь хотын статустай аж төрсний шанд зам түгжрэлтэй, агаар утаатай, угаартай, захын хорооллын зарим гудамж гэрэлгүй, тоглоомын талбай бүрэн бус, иргэд шаардлагад нийцсэн орон сууцгүй, автобус хүрэлцээгүй гээд өдий төдий асуудалтай өдөр бүр нүүр тулж буй. Эцэст нь хүүхдүүд ханиаданд, томчууд хавдарт дарлуулах маягтай шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна. Энэ бүгдийг эхнээс нь засаж залруулж, хөгжил дэвшил авчирна гэж итгэсэн учраас бид орон нутгийн сонгуульд Х.Нямбаатарын багийг сонгож, татвар төлж, хотоо удирдуулж буй. Гэхдээ...
Төсвийн ил тод байдлыг хангаж чадсангүй
Нийслэлийн ИТХ-ын гишүүд энэ сарын 4-ний өдөр хотын төсвийг батлахдаа ил тод байдлыг хангасангүй. Улсын төсөв хэлэлцэж, гишүүд ил далд “зодолдож” байх зуур чоно борооноор гэдэг шиг хотынхон төсвөө сэмхэн баталчхав. Товчхондоо, улсын төсвийг батлаагүй байхад нийслэл урдуур нь ороод төсвөө эцэслэчихлээ гэсэн үг. Нийслэлийн төсвийг хаалттай хэлэлцсэн шалтгаанаа албаныхан “Танхимд тог цахилгааны асуудал үүссэн учраас шууд дамжуулалт хийх боломжгүй байсан” хэмээн тайлбарласан. Төсвийн тухайд нийслэл өнөө жил түүхэн дээд хэмжээнд буюу 3.8 их наяд төгрөгт хүрсэн том дүнтэй төсөв баталлаа. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр бол төсвийн 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэх аж. Ингэхдээ зарим төрлийн татварыг 2.5-5 дахин нэмж, бас торгууль, шийтгэврийн замаар татаж, орлогоо эрс ихэсгэнэ гэдгээ хотын дарга харин ч нэг ил тод зарлаад буй. Францын нэрт сэтгэгч Бастиагийн “Төр нь бусдын хөрөнгөөр амьдрах гэсэн хүмүүсийн цуглуулга” гэж тодорхойлсонтой, нийслэлийн ИТХ гэх байгууллагынхан дэндүү ойр аж. Татвараас бүрдсэн орлогыг боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, эрчим хүчинд түлхүү оруулах гүйцэтгэлд суурилсан төсвөөс илүүтэй, чухалд суурилсан төсөв тэд баталж чадсангүй.
Иргэд хэзээ шаардлагад нийцсэн орон сууцтай болох вэ
Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн амтай байхаар тооцоолсон гэдэг. Өдгөө хүн ам 1.6 сая хол давж, метрополис хотын зэрэглэлд хүрсэн ч өрхүүдийн талаас илүү хувь нь гэр хороололд аж төрдөг. Тиймээс хотын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч, утаатайгаараа дэлхийд нэгт эрэмбэлэгдэж байна. Хотын удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч эл ажилд иргэд сэтгэл хангалуун бус байгаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд эл ажлыг хэрэгжүүлэхдээ олон зуун хүний эрхийг зөрчиж, эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироосон, тэр ч бүү хэл дахин төлөвлөлтөөс үүдэн иргэд амиа алдсан жишээ нэгээр тогтохгүй бий. Гол нь 2013 онд эхлүүлсэн ажлын үр дүн ердөө 10-12 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хэдий 10-12 хувийн гүйцэтгэлтэй хэмээсэн ч энэ нь учир дутагдалтай. Тодорхой хэлбэл, газраа чөлөөлөөд олон жил орон гэргүй явсан иргэд аргагүйн эрхэнд шаардлагад нийцээгүй орон сууцад орсон тохиолдол цөөнгүй. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас шинээр баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг хэрэгжүүлэхдээ буюу газар чөлөөлөхдөө заавал нийгэм, эдийн засгийн үнэлгээг заавал хийх шаардлагатайг зөвлөсөн. Хотын даргаас 2024 оны эхээр уг үнэлгээг хийсэн, эсэхийг тодруулахад “Нийгэм эдийн засгийн үнэлгээ хийсэн, илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж байгаа бол НОСК-ийн дарга М.Говьсайханаас авч болно” хэмээн хариулсан удаатай. Бодит байдалд, уг үнэлгээг өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дахин төлөвлөлтийн улмаас газраа чөлөөлүүлж, байр авч чадаагүй 640 өрх бий. Эдгээр өрхийн зарим нь 10-аад жил түрээсийн байранд, бусдын хаяанд амьдарч байгаа юм.
Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Тяньхао олон улсын худалдаа” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд талууд Улаанбаатар хотын хот байгуулалтын чиглэлээр газар доорх шугам сүлжээ, галд тэсвэртэй хаалга, цонх, барилгын дулаалга, бусад материал, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах туслах үйлдвэрүүдийг байгуулж, хөрөнгө оруулалт хийхэд Тяньхао компанитай хамтран ажиллах учиртай. Өмнө нь гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахдаа дэд бүтцийн ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юаниар шийдэх Засгийн газрын 179 дүгээр тогтоол 2017 онд гарч байв. Харин энэхүү тогтоол нь цаасан дээр л үлдсэн удаатай. Өөрөөр хэлбэл, манай төр засаг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан дэд бүтцийг төр хариуцах үүргээ биелүүлэхгүй хойрго хандсаар ирсэн. Энэ удаад дорвитойхон ажиллахгүй бол хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь дээрхийн адил талаар болж мэдэх юм.
Сурагчид нэг ангид 45-50-аараа суралцаж, ширээнд гурваараа суудаг
Нийслэлийн Боловсролын газрынхан 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжээр хичээллэх судалгаагаа гаргаж байв. Эцэг эхүүд тэмцэл хийсний эцэст эл тоо багассан. Гэхдээ нөхцөл байдал тийм ч дээрдсэнгүй, зарим сургууль түрээсийн байранд, шаардлага хангахгүй орчинд хичээллэж буй. Анги танхим хүрэлцээгүйгээс нэг ангид 45-50 хүүхэд суралцаж, зарим тохиолдолд нэг ширээнд гурваараа сууж, эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн сурагчид 21.00 цагтай уралдаж тараад харуй бүрийгээр харанхуй гудамжаар бүдчиж гэртээ ирдэг хэмээн гаслах эцэг, эхтэй ч таарсан. Нөхцөл байдал ийм хүнд байгаа атал саяхан нууцлан байж баталсан нийслэлийн төсөвт соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан 100 сая төгрөг тусгасан зэрэг үргүй зардлууд их байгаа аж. Мөн “Бүтээлч од” төсөлд 950, шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400, “Эх оронч сурагч” аянд 200 сая төгрөг зориулах үрэлгэн заалтууд цөөнгүй орсон хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгч шүүмжилж буй.
Нийслэлийн иргэдэд 1.7 мянган хорт утааны баг хэрэгтэй байна
Иргэд нийслэлээ Улаанбаатар биш утаанбаатар хэмээн гоочлох болсон. Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдтэлээ утаагаараа тэргүүлж буй учир ийн шүүмжлэх нь аргагүй биз. Гэтэл нийслэлийн удирдлага утаа бууруулах нэрээр айл өрхүүдэд шинэ зуух тарааж эхлэв. Энэ ажилд нийслэлийн төсвөөс 28.3 тэрбум төгрөг зарцуулж, 32 000 зуух тараах юм. Үр дүнд нь утаа буурна хэмээн хотын удирдлага үзэж буй. Гэхдээ энэ зуухаа зөвхөн гэртэй өрхүүдэд өгөх юм билээ. Тодруулж хэлбэл, байшинтай ханан пийшинтэй айлуудад уг зуухыг тараахгүй. Угаас гэр хорооллынхонд ялгамжтай байдлаар зуух тараалаа гээд яндан цөөрөхгүй, харин ч нэмэгдэнэ, утаа ч дорвитой багасахгүй хэмээн иргэд үзэж байна. Үүний оронд нийслэлийн хотынхонд 1.7 мянган хорт утааны баг хэрэгтэй хэмээн иргэд ёжилсон юм. Үнэндээ өнөөдөр орон сууц, гэр хороололд амьдардгаас үл хамааран хүүхдүүд ханиад томуу тусаж, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, гуравдугаар шатлалын эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийн эмч сувилагч нар ч туйлдталаа ажиллаж байна. Тийм хэдий ч хүүхдүүд өвдсөөр эмнэлэг рүү цуварсаар. Ийм учраас иргэн Ч.Ганжавхлан #Амьсгалмаар_байна утааны эсрэг жагсаал хийж, үр дүнд нь 71343 иргэнээс гарын үсэг цуглуулж, утааны сонсгол хийж, зарцуулсан төсөв, хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн зэрэг мэдээлэл авахаар болсон билээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сард ӨМӨЗО-оос эмч нарын баг ирж УНТЭ-т ажилласан. Тухайн үед өвөрмонгол эмч Б.Мандах хэлэхдээ нийслэлийнхний дунд уушгины өвчин зонхилж байна. Энэ нь танай хотын агаарын бохирдолтой холбоотой хэмээн онцолсон юм.
Нийтийн тээвэр хүртээмжгүй байсаар байх уу
Нийслэлийнхэн татвараа төлсөөр байгаа ч хүртээмжгүй байгаа нэг зүйл нь нийтийн тээврийн асуудал юм. Энэ байдалд дөрөөлөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, УИХ-ын гишүүн, “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн тэргүүтэй 24 албан тушаалтан төсвийн мөнгийг буруу үрсэн хэрэгт холбогдоод буй. Хэрэг жил гаруйн өмнө илэрхий болсон ч өнөөдрийн байдлаар хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Тэдний гэм буруутай, эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч удаа дараа хойшлуулсаар байгаа билээ. Хэргийн талаар эргэн сануулахад, Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч хэргийн эзэд БНСУ-ын “Daewoo” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирэн, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан билээ.
Өдгөө нийслэлийнхэн дээрх хүртээмжгүй байдлаас үүдэнд өглөө оройдоо ажил, сургуульдаа явахын тулд автобусанд шахцалдаж, зарим нь багтахгүй үлдэж, нэг хэсэг нь автобус хүлээгээд ирэхгүй, аргаа барахдаа алхаж, утаанд хордон, хүйтэнд даарч эрүүл мэндээрээ хохирсоор байгаа гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ.
Сонгууль угтсан шоу буюу Бөөрөлжүүтийн цахилгаан станц
Өнгөрсөн аравдугаар сард Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Уг Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах учиртай. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно.
Уг станцын эхний хэсгийн блокийн нээлтийг сүр дуулиантай хийж, Ерөнхий сайдтай зэрэгцэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Тэгвэл өнөөдөр уг цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг товлосон хугацаандаа ашиглалтад орууллаа. Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой” хэмээж байв. Харамсалтай нь, энэ нь сонгууль угтсан шоу байсан бөгөөд хараахан болоогүй байхад нь нээснээс шалтгаалж уг станцад томоохон хэмжээний гэмтэл гарсан. Өдгөө нийслэлийнхэн өдөр өдрөөр цахилгаанаа хязгаарлуулж, орон сууцныхан цонхоороо яндан гаргаж, гал түлэхдээ тулаад байгаа билээ.