Монгол Улсын хэмжээнд сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан үйл ажиллагаа, баярын хурал өчигдөр боллоо.
Баярын үйл ажиллагаа баярын хурал сургуулийн багш, сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолт, мөн сургуулийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Итгэл сэтгэлийн жаран” баримтат киногоор үргэлжиллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал С.Батмягмар баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ
“Өнөөгийн 29-р сургууль гэх том айлын дэвших, дээшлэх түүхэн гайхалтай хором мөч бүхэнд нэгэн зорилгын төлөө багш шавийн дотно барилдлагад хамтдаа байсан шавь нар, эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа. 29-р сургуулиар овоглогдсон хүүхэд бүр сурч мэдэхийн өрнүүн хүсэлтэй зөв төлөвшил хүмүүжилтэй, хамтран ажиллах хөгжихийн мөн чанарыг танисан, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн аливаа зүйлд зүрх сэтгэлээсээ ханддаг ухаалаг зөв иргэн байгаасай гэж манай хамт олон хүсдэг билээ. Цаашдаа олон олон жарны түүхийг бид эрдэм мэдлэг, эв санаа, итгэл сэтгэлээр бүтээх болно. Та бүхэнд төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж, даяараа энх амгалан сууж, эрүүл байж шинэ цагийн Монгол Улсын хөгжил дэвшилд хүн бүр өөр өөрийн өнгө төрх, хувь нэмрээ дүүрэн тодорхой оруулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье” гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ “Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын тулд бид багшлах нөөцийг бэлтгэх, чадавхижуулах, сургалтын тохируулгат орчин туслах хэрэглэгдхүүнээр хангах, хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийн тохируулга хийх, бловсролын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхааран ажиллаж байна. Боловсролын сайд, нийт яамны албан хаагчдын зүгээс түүхийн шинэ хуудсаа нээж буй нийслэлийн боловссрлын 29 дүгээр сургууийн хамт олонд 60 жилийн ойн мэндийг дэвшүүлж амжилт хүсье” гэлээ.
ЕБ-ын 29 дүгээр сургуулийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1964 онд сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр байгуулсан түүхтэй. Анх нэг анги танхимд хичээл, сургалтаа эхлүүлж байсан 29-р сургууль өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгож байна. 2023-2024 оны хичээлийн жилд л гэхэд бага ангийн 11 бүлэгт 93, дунд ангийн 12 бүлэгт 110, ахлах ангийн 8 бүлэгт 59 нийт 262 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулжээ. Харин энэ хичээлийн жилд нийт 254 сурагчийн ялгаатай хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн, сургалт-арга зүйн үндэсний цогц загварыг бий болгож, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхийн төлөө 145 багш, ажилтан сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байна.
Тус сургуулийн хамт олон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг дүйцүүлэн 12 жилийн боловсролыг олгож байна. Мөн хавсарсан бэрхшээлтэй сурагчдад сурагчдын ялгаатай хэрэгцээнд тулгуурлан ахуйн болон нийгэмшихүйн боловсрол, танин мэдэхүйн хөгжлийг дэмжсэн хичээлүүдээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүний үр дүнд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орохын зэрэгцээ коллеж, МСҮТ, их дээд сургуульд элсэн суралцаж, ажил амьдралын замд хөл тавьж байна.
29-р сургууль нь 60 жилийн түүхтэй ч сургуулийн барилгаа иж бүрэн шинэчилж, сургалтын орчин нөхцөлөө дорвитой сайжруулж чадалгүй энэ онтой золгосон. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тус сургуулийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иж бүрэн засвар, үйлчилгээ хийх 4,8 тэрбум төгрөгний төсөв хөрөнгийг шийдвэрлэснээр сургуулийн хамт олон хүүхдийнхээ онцлог хэрэгцээ, стандартад нийцсэн шинэ орчинд 60 жилийн ойгоо угтаж байна.