Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газартай хамтран өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах ногоон бүсэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан зохих зөвшөөрөлгүй 24 отогт байрлаж байсан 97 хүнийг уулнаас буулгаж, хууль бусаар түүж бэлтгэсэн самрыг хуулийн хүрээнд шалган шийдвэрлэж байна.
Мөн “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 34 шуудай цайруулсан Сибирь хушны үр, идээ /самар/-г хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Болц гүйцээгүй үед хуш модны самрыг түүж хэрэглэх нь дараах эрсдэлийг дагуулдаг байна.
-Түүхий самар нь давирхай ихтэй учир нян, вирус амархан үржиж хуримтлагддаг тул шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсгэх аюултай.
-Болц гүйцээгүй үед самрыг хуш модноос салгах зорилгоор хүчтэй түншсэнээр (мунадах) гол иш ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, өвчин, хортонд нэрвэгдэх, үрлэлтийн хугацаа уртсах, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бууруулна.
Иймд иргэдийг хуш модны самрын болц гүйцээгүй байгаа үед түүж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.