Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд гэр шатаж, 13 настай хүүхэд амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гаргийн 03.54 цагт Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд айлын гэр шатаж байна гэх дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван хантай гэр, 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ. Уг түймэрт 13 настай хүүхэд өртөж, амиа алдсан байна.
Онцгой байдлын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 дуудлага хүлээн авсны ихэнх буюу 55 нь гал түймэртэй холбоотой байжээ. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгааг тус байгууллагаас анхааруулав. Тиймээс иргэд гэр, орон сууцынхаа галын аюулгүй байдлыг ханган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээргэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхаарууллаа.