2024-2025 онд хийх улирлын томуугийн эсрэг В хүрээний дөрвөн цэнт вакциныг ХӨСҮТ хүлээн авч, улсын эмнэлгүүдэд хуваарилж эхэлжээ. Өрх, дүүргийн эмнэлгүүд батлагдсан хуваарийн дагуу тус вакциныг зорилтот насныханд үнэ төлбөргүй хийж буй юм байна. ДЭМБ-ын зөвлөмж, тандалтын дагуу манай улс тухайн улиралд тархаж болзошгүй ханиад, томуугаас сэргийлж, тав хүртэлх насны хүүхдүүдийг ихэвчлэн жил бүрийн арав, тавдугаар сард вакцинд хамруулдаг уламжлалтай.
Харамсалтай нь, эл үед өвчлөл нэмэгдчихсэн байдаг тул хийсэн вакцинжуулалт нь төдийлөн үр дүнд хүрдэггүйг олон нийт шүүмжилдэг. Харин өнөө жилийн тухайд өвчлөл нэмэгдэхээс урьтаж, дархлаажуулалтыг харьцангуй эрт эхлүүлж буйд эмч нар ам сайтай байна. Ташрамд дурдахад, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шээс, шимэгч хорхойн шинжилгээ болон улаан бурхны нэмэлт дархлаажуулалт, томуугийн вакциныг нэг дор хийлгэх боломжийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүд бүрдүүлэн ажиллаж буйгаа хэллээ. Ингэснээр эмнэлгийн дараалал, иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулж буй аж.