Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу олны нэрлэж заншсанаар Баруунхараагийн нутгаас хууль бусаар алт олборлосон хүмүүст НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар тэдний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр тус аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Иргэн Ш.Отгонбаяр, Н.Эрдэнэбаяр, П.Галбаяр, С.Амартүвшин, О.Пүрэвжав, Г.Номин-Эрдэнэ нар дээрх сумын нутагт 2020 оноос 2022 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт хийж, экологид багагүй хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Хэрэгт холбогдогчдын нэг нь дээрх сумын нутагт чулуу бутлах тээрэм ажиллуулж байсан бөгөөд бусдынхаа хууль бусаар олборлосон алттай чулууг боловсруулж өгсөн аж. Өөр нэг нь бусдынхаа олборлож, тээрэмдэн гаргасан алтыг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан гэж буруутгагджээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 24.2-1 дэх хэсгийн хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй юм.