- Монгол нөхөрлөлөө хадгалж чаддаг бөгөөд халдашгүй тууштай бодлоготой улс гэдгээ батлан харуулсаар байна -
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд Монгол Улс гадаадын томоохон зочид, төлөөлөгчдийн хөлд дарагдаж, дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь. Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм. Үүгээр дэлхийн хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн манлайлагчид Монгол оронд хуран цугларч, даян дэлхийн амар амгалан, хүүхэд багачуудын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, хүйсийн тэгш эрх зэрэг харилцан уялдаа холбоотой олон сорилтыг даван туулах арга замыг хэлэлцэн шийдвэрлэж, төгсгөлд нь баримт бичиг гаргах аж. Энэ том үйл явдал Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатарт зохион байгуулагдах гэж байгаагаараа ач холбогдолтой юм. Үүний өмнө 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын анхдугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулж байсан бөгөөд цаашид 4-5 жилийн давтамжтайгаар үргэлжлүүлнэ гэдгээ амласан билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад бодлогодоо “очих нь чухал бус, ирүүлэх нь чухал” гэсэн зарчим баримталж, “Дэлхийг Монголд авчирч байж өөрсдийгөө таниулах юм байна” гэж үзэж буй. Тэрбээр гадаад бодлогодоо гурван том зарчмын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт, айлчлалыг хоёр талын урсгалтай болгох. Өөрөөр хэлбэл, зөвхөн айлчлан очдог бус, урьж ирүүлдэг болгохоор зорьж буй. Ингэснээр бид өөрсдийн давуу тал, сорилт бэрхшээл бүх зүйлийг зөв таниулдаг болох нь. Монгол хүн юугаараа ондоошдог, яагаад Монгол Улс энэ хоёр том гүрний дунд хүчтэйгээр оршин тогтнож чадаад байгааг тэд ирж харах нь илүү өөр сэтгэгдэлтөрүүлэх учиртай. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд ирсэн гадаадын томоохон зочин бүр манай орноос үндэсний давуу талыг олж харж сайхан дурсамжтайгаар, салж ядан буцах болсныг Бутаны хааны айлчлалаас монголчууд тодорхой харсан биз ээ. Үүнийг ч мэдэрсэндээ Ерөнхийлөгч “Тэд монгол хүний, монгол хүүхдийн, монгол эрчүүдийн, монгол бүсгүйчүүдийн нүүр царай, нүдний харц, гал цогийг хараг” гэж бодлогоо танилцуулахдаа хэлсэн байдаг. Нөгөөтээгүүр, монголчууд гуйлга гуйх, зээл, тусламжийн бодлогоос татгалзаж, зөвхөн харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаар харилцаж чаддаг болсон. Үүнийг манай ард иргэд ч хүлээн зөвшөөрч айлчлалын үеийн болон айлчлалын дараах сэтгэгдэл эрс өөрчлөгдсөн нь анзаарагддаг.
Мөн гадаад харилцаа гэхээр гадны орнуудаас гуйх гэж байна гэх ойлголт нэгэнт тогтсон байсан нь маргашгүй үнэн. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад харилцаа гэдэг ойлголтыг харилцан ашигтай хамтын ажиллагаа болохыг шинээр харууллаа. Түүнчлэн энэ сард Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, эдийн засгийн ямар ч хямрал бэрхшээлийг хамтдаа даван туулах гарц талаасаа шинэ үеийн түүхийг бичих учиртай. Энэ айлчлалын дараа Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчилна гэсэн товтой байгаа билээ. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг зөвхөн Монгол, Орос гэлтгүй манай улс болон ОХУ, БНХАУ хамтдаа дахин хэлэлцэх бүтэцтэй болж, олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, хүчирхэг, шинэлэг технологи, техникүүдийг нэвтрүүлж, шинэ шатанд аваачих тухай яриад эхэлсэн. Уг айлчлалын хүрээнд үүнийг ажил хэрэг болгох нь чухал. Тийм ч учраас Монгол Улс, ОХУ-ын аудитын байгууллагууд хамтраад “Улаанбаатар төмөр зам” ХНН-т шалгалт хийгээд байгаа ч юм бил үү. Сонирхолтой л байгаа юм.
Мөн энэ намар Казахстаны Ерөнхийлөгчийг эх орондоо хүлээн авахаар урьсан. Сонирхол татсан айлчлалуудын нэг нь Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны айлчлал байх төлөвтэй. Гэсэн ч одоогоор эцсийн шийдвэр тодорхойгүй хэвээр байна. Ташрамд өгүүлэхэд, ШХАБ-ын цор ганц “ажиглагч” орон-Монгол Улс тус байгууллагын гишүүн орнуудын онцгой анхаарлыг татаж, геополитикийн гол тоглогч болж эхэлсэн. Үүнийг хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд буй. “ШХАБ-д элсээч” гэсэн шахалт бүхэнд манай улс “Ажиглагч хэвээрээ байна” гэдгээ чанга дуугаар хэлж чадсаар байна. Тэр ч байтугай Монголын Ерөнхий сайд энэ байр сууриа ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр илэрхийлсэн.
Тэрбээр “Манай улс 2004 оноос хойш 19 жил ажиглагчийн статустай яваа. Цаашдаа ч ийм байх болно. Үүнээс гадна ШХАБ-ын гишүүн орон байхын ач холбогдол, тухайн улс орнуудад авчирсан үр өгөөжийг тод томруунаар хэлэлцэх, бодитой үнэлж дүгнэж, улмаар дэлхий нийтэд сурталчлах цаг болсон. Магадгүй гишүүн болон манай улс шиг ажиглагч статустай орон олширч ШХАБ гэдэг байгууллагын үйл ажиллагаа тэлэх боломжтой” гэсэн. Үүнийг ч хуралд оролцогч орнууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн төдийгүй тээвэр, боловсрол, соёл, хүмүүнлэгийн талын үйл ажиллагаануудыг идэвхжүүлэх, түүнийгээ сурталчлах ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Үүний дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, ШХАБ-ын орнууд үйл ажиллагаагаа идэвхжүүлснийг бүгд харж байна. Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд хөрш орнуудтай харилцаагаа хадгалж үлдэхдээ бусад оронтой чөлөөтэй харилцах бие даасан бодлогоо хослуулж, гайхалтай тоглолтуудыг хийж үзүүлээд буйг өнгөрсөн хоёр жилд болсон төрийн айлчлалууд, ирсэн зочид, тэдэнтэй үүсгэсэн харилцаанаас анзаарахгүй байхын аргагүй билээ.
Гадаад харилцаанд харилцан айлчлал ойрхон байх тусмаа онцгой ойр дотно харилцаатай гэдгээ харуулдаг. Үүнийг Монгол Улстай онцгой буюу тусгай эрхт түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Франц Улстай харилцан хийсэн төрийн айлчлал харуулсан. Үр ашгийг нь хүртэхэд тун ч ойрхон ирээд, хэдийн хамтын ажиллагааны гарцаа нээгээд байна. Тухайлбал, Засгийн газрын эн тэргүүнд хэрэгжүүлэх мега төслийн дотор хоёр орны харилцан айлчлалаар ярьж тохирсон ажлууд ийнхүү багтсан нь гадаад харилцааны бодлогоо зөв тодорхойлж залуурдахын бодит ач холбогдлыг харуулж байна.
Товчхондоо, Монгол Улс гадаад бодлогоороо “гангарч”, нэр хүндээрээ дэлхий дахинд тэргүүлж байгааг хэн ч хүлээн зөвшөөрөх болжээ. Монгол Улсын гадаад бодлого “бие даасан”, “олон тулгуурт”, “энхийг эрхэмлэгч” гэдэг хамгийн чухал байр сууриа тодотгож чадаж байна. Бүр тодруулбал, Монгол Улс уламжлалт хөршүүдтэйгээ, найрсаг хамтын ажиллагаатай орнуудтайгаа цаг үеэ зөв тодорхойлон харилцаагаа байнгын идэвхтэй байлгаж чаддаг болсон. Үүгээрээ ч “Бид зөвхөн Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө бусадтай харилцаж байгаа, гэхдээ та нартай хэлэлцэж тохирсон зүйлсээсээ огт ухраагүй” гэдгээ нотолж, аль алинтай нь хамтарч чадаж байна. Энэ бол энхийг эрхэмлэгч, бие даасан, олон тулгуурт бодлогын бодитой үр дүн юм.
У.Оргилмаа