Энэ онд 102 сумын 100 жилийн ой тохиож буй. Сумын баяр наадмын үеэр хулгайд эд зүйлсээ алдах тохиолдол цөөнгүй гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан 100 жилийн ойн баяраа энэ сарын 7, 8-нд тэмдэглэсэн юм. Энэ үеэр 20 орчим иргэн гар утас, хөөргөө хулгайд алджээ. Цагдаагийн алба хаагчид хулгай хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлсэн байна. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус сумын тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлжээ. Тэднийг Улаанбаатар хот руу нэвтрэх гэж байхад нь саатуулсан аж. Налайх дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тэднийг шалгаж, тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийснээр 20 орчим гар утас, нэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Уг хэргийг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгаж буй юм.
Бэлтгэсэн Ч.Болор