Фэйсбүүк хаяг хуурамчаар нээн, цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургийг ашиглан бусдыг доромжилжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsaihan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авч байсан.
Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг, нэрийг ашиглан дахин шинэ хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байна.
Мөн фэйсбүүк хаяг хуурамчаар нээн, цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцаж, их хэмжээний мөнгө залилан мэхэлж байж ээ. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг хийж байсан.
Иймд иргэд дээрх төрлийн хуурамч зар, мэдээ, Фэйсбүүк хаягт хууртаж хохирохгүй байхыг анхааруулж байна.