Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр Өнөөдөр/2024.07.29/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны түүх, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
Тухайлбал,
- Хоёр орны цэргийн хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг болсон хоёр талын хамтарсан “Уулын явган цэргийн сургууль”-ийг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
- ХБНГУ-д стратегийн түвшинд цэргийн дээд мэргэжилтэн бэлтгэх,
- Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд туулах чадвар сайтай авто техникүүдийн дэмжлэг авах,
- Монгол Улсын Уулын цэргийн ангиудыг тус улсын уулын зориулалт бүхий иж бүрэн зэвсэг, техник, тусгай тоноглолоор хангаж дэлхийн жишиг уулын баттальон болгох сонирхолтой байгаагаа Сайд С.Бямбацогт уулзалтын үеэр илэрхийллээ.
Ташрамд дурдахад,
Монгол-Германы батлан хамгаалах салбарын харилцаа нь 1993 онд цэргийн атташе нараа хавсарган суулгах талаар харилцан тохиролцсоноос эхтэй. Энэ цаг үеээс хойш хоёр улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа бүхий хугацаанд эрчимтэй хөгжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн эмнэлгийг чадавхжуулах зэрэг хамтын ажиллагааны шинэ хэлбэрээр өргөжин хөгжсөөр ирсэн.