Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон. Тодруулбал, хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуульд заасан хувь хүний нууцыг задруулах, худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн таван зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Түүнд 4.9 жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн болон Зариг.мн сайтын ажилтнууд өчигдөр мэдээлэл өглөө.
Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр “Дүүг минь таван хэргээр хэлмэгдүүлсэн. Үүний хоёр нь татвартай холбоотой, хоёр нь алдар нэрд халдсан гэх үндэслэл байв. Эдгээр нь эрүүгийн хэрэг биш шүү дээ. Харин төрийн нууц задруулсан асуудал нь Н.Өнөрцэцэгтэй холбоогүй” гэлээ. Түүнчлэн түүний дүү Н.Жаргалбаяр “Төрийн нууцтай холбоотой мэдээлэл ажилтных нь машинаас олдсон. Машинд нь хоёр долоо хоног явсан. Үүнийг шалгах ёстой байтал хэн ч шалгаагүй. Өөрт нь хамааралгүй асуудлаар шалгаж, ялласан. Энэ мэдээллийг өгсөн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Гэтэл тэр хүнд хэн ч хариуцлага тооцоогүй. Шүүх иргэдэд л хатуурхаж байна. Хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн ялтны мэдээллийг ил гаргасан хүн яагаад яллагдах ёстой юм. Тиймээс эл асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд анхааралдаа аваасай гэж хүсэж байна” гэв.
Төрийн нууц хадгалсан материал машинаас нь олдсон гэх, Зариг.мн сайтын маркетингийн менежер Т.Жагваралмаа “Эрхлэгчийг яллаад буй төрийн нууц гэх материалыг цагдаагийн алба хаагчид хууль бус ажиллагаа явуулж, надад байсан бичиг баримтыг хөндлөнгийн гэрч байлцуулалгүй авсан. Хэчнээн баримт сольж, эсвэл шургуулсныг мэдэх боломжгүй нөхцөлд намайг байцаасан. Тэр материалыг манай эрхлэгч огт хараагүй. Бүр мэдэхгүй” гэх хариулт өгсөн юм.
Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн “Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 19.11 буюу гэмт хэргийн зорилгоор төрийн нууц хадгалсан гэж хорьсон. Мөн яагаад энэ мэдээллийг бэлтгэсэн бэ гэх шалтгаанаар буруутгасан юм билээ. Энэхүү баримтыг сэтгүүлч хулгайлж бус, ажил мэргэжлийнхээ онцлогоор олсон. Тиймээс хэрэгт хяналт тавьсан прокурор нийгэмд үүсээд буй эргэлзээг арилгаж, хариулт өгөх үүрэгтэй. Тиймээс бид прокурорт хандаж байна. Үүнээс гадна манай салбарынханд сэтгүүлч нийтлэл бэлтгэсэн нь буруу мэт ойлголт өглөө. Н.Өнөрцэцэгийг ялласны цаана бидний ажил мэргэжлийн онцлог, үйл ажиллагаа ч буруутгагдаж байгаа. Сэтгүүлчдийн ажиллаж буй эрх зүйн орчин маш хүнд байна шүү дээ. Түүнчлэн эл хэрэг нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулж, баталгаажуулах хэрэгтэйг харууллаа” хэмээв.
Бэлтгэсэн У.Сүрэн