Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-22-ны өдөр хэрэг бүртгэлтийн 32 360, мөрдөн байцаалтын 2585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 65-ыг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ хугацаанд 44 828 зөрчилд 44 430 хүнийг холбогдуулан шалгажээ. Эдгээрээс хамгийн олон буюу 41 029 нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Түүнчлэн олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг зөрчил давамгайлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 19 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 42 этгээдийг олж тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас шийдвэрлэсэн хэргээс дурдвал “Би Ай Эм” ХХК нь химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан байсныг илрүүлж, мөрдөн шалгасны эцэст шүүхэд шилжүүлсэн гэнэ. Мөн Н гэх иргэн Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсэрт байр түрээслэх явцдаа охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнийг цахим орчинд “Ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой, амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ирсэн охидын биеийг үнэлүүлж, орон байраар хангасан гэж үзэж буй аж. Түүнчлэн хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ. Мөн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулжээ.
Бэлтгэсэн Ч.Болор