Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ сарын 17-нд мэдээлэл өгсөн. Ингэхдээ ХБНГУ-ын Дресден хот дахь лабораторид 48 сорьц илгээснээс дөрөв нь сэжигтэй гарсан талаар дурдсан юм. Тэгвэл гурван бөхөөс допинг илэрсэн нь баталгаатай болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, шинжилгээний хариу ирээгүй байсан тамирчид буюу гурван бөхийн сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон гэнэ. Харин нэг тамирчны хариу ирээгүй байгаа аж. Үндэсний бөхийн салбар хорооныхон өчигдөр хориотой бодис илэрсэн гурван бөхийг дуудан уулзаж, шинжилгээний хариуг нь танилцуулсан аж. Барилдааны 5-7-гийн даваанд зодоглосон бөхчүүдээс допинг илэрсэн нь тодорхой гэж олон нийт шуугьж байв. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допинг илэрсэн гэнэ. Гэхдээ Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу бөхчүүдийн нэрийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй ч албаны хүмүүс чимээгүй байгаа нь элдэв тохироо хийх вий гэсэн хардлага төрүүлж буй юм. А сорьцын хариутайгаа танилцсан бөхчүүд В сорьцоо шинжлүүлэх, эсэхээ шийдэж, тайлбар өгөх, эрхээ хамгаалах зэрэг арга хэмжээ авч болох юм. Шинжилгээний хариу ирсэн даруйд зарлахгүй, өгсөн мэдээлэл нь эргэлзээ төрүүлж буй нь олон нийтийг төөрөгдүүлж, талцуулахад хүргэх вий.
Бэлтгэсэн А.Цэлмэг