БНСУ-ын Үндэсний цагдаагийн ерөнхий газраас манай улсын цагдаагийн байгууллагад ирүүлсэн хүсэлтэд үндэслэн тус улсад үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, БНСУ-ын иргэн К-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, өнгөрсөн сарын 21-нд баривчилж, шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байжээ. Үүний дагуу БНСУ-ын Хууль зүйн яам, Ерөнхий прокурорын болон Үндэсний цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад ирж, дээрх этгээдийг энэ сарын 9-нд шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Бэлтгэсэн А.Цэлмэг