“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийг түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Дээд шүүх хянаад хэлэлцэхээс татгалзлаа. Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагынханд мөнгө өгсөн, удирдлага доороо ажиллаж байсан хүмүүстэй хамтарч эрх мэдлээ урвуулан компанидаахохиролучруулсанхэрэгт гэм буруутай гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох, зорчих эрх ял оноосон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.
Түүнчлэн МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал асан А.Энхмаа, мэргэжилтэн Ч.Жавзандулам нарын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээс татгалзав. А.Энхмаа нь зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан хүүгээ МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн сургаж, суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулах, МУБИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг болон Польшийн Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Erasmus +КА107” хөтөлбөрт оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулалгүй хүү Б.Б-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон. МУБИС-ийн Дүрслэх урлаг, зураг зүйн боловсролын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийг судалж зохих кредит цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуур хангаагүй Хятад оюутны нэрийг “Магистрын зэрэг олгох тухай” тушаалд оруулж, магистрант Вусихала (Wusihala)-д уг зэргийг олгуулж давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан байдаг. Анхан шатны шүүхээс А.Энхмаад нэг жил хоёр сар хорих, Ч.Жавзандуламд 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байв. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс А.Энхмаагийн хорих ялыг хөнгөрүүлж, 10 сая төгрөгөөр торгохоор болсон юм. Дээд шүүх эл хэргийг хэлэлцэхээс татгалзсанаар дээрх хоёр хүн торгох ялаа эдлэхээр боллоо.