Өмнөх УИХ-уудад мөрдсөн зохицуулалтыг хэвээр үлдээсэн бол 126 гишүүнтэй парламентад АН, МАН-аас гадна ХҮН нам бүлгээ байгуулах байв. Сүүлийн 30 гаруй жилийн турш УИХ-д найм болон түүнээс дээш гишүүнтэй болсон нам, эвсэл бүлэг байгуулж ирсэн бол одоогийн парламентаас эл босгыг дээрх хоёр нам л давлаа. Өнгөрсөн тавдугаар сард баталсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нэг нам, эвслээс 10 бат үүнээс дээш гишүүн сонгогдсон бол бүлэг байгуулахаар буй. Уг хуулийн төслийг өргөн барихад эл босго 12 байсан бөгөөд энэ нь 126 гишүүний 10 гаруй хувьтай тэнцэнэ. Мөн 76 гишүүнтэй УИХ-д эл хувь 10.5 байсантай харьцуулбал одоогийн 10 гишүүн буюу 7.9 болсон нь буурсан мэт харагдана. Гэхдээ л энэ нь бусад улс орон, дэлхийн жишигтэй харьцуулбал өндөр босго болохыг судлаачид хэлж байсан ч шинэ парламентад ийм дэг үйлчлэх нь. Өнөөдрийг хүртэл байгуулагдсан есөн парламентад ердөө нэг л удаа гурван бүлэг ажилласан нь дээрх босго хэт өндөр буйтай ч холбоотой байх талтай.
Үнэндээ энд баахан тоо, хувь дурдаад буй ч хууль тогтоох байгууллага дахь нам, эвслийн 10 гишүүний нэгдэл төдий зүйл биш юм. Тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний тулд хууль тогтоох үйл явцын бүхий л шатанд оролцох, гишүүд, дэмжигчдийнхээ байр суурийг илэрхийлэн, эрх баригч, олонход өөрсдийн бодлого, зарчмаа итгүүлэн үнэмшүүлэх замаар шийдвэр гаргахад нөлөөлөх, буруу, булхайг нь хэлж, илчлэн, хяналт тавих эрхээ бүлэгтэй гишүүд л бодитой хэрэгжүүлэх боломж бий. УИХ-д найман суудалтай ХҮН, бүлэгтэй ХҮН намын хооронд зарчмын ялгаа байгаа гэсэн үг. Нөгөө талаас аль нь ч бүлэггүй учраас найман гишүүнтэй ХҮН болон дөрөв, дөрвөн суудалтай Үндэсний эвсэл, ИЗНН эрх мэдэл, оролцооны хувьд үндсэндээ ялгаагүй. Гэтэл сүүлийн гурван сонгууль дараалан дангаараа УИХ-д олонхыг бүрдүүлж буй МАН-аас бүлэгтэй АН, бүлэггүй ХҮН намд урилга илгээн, Засгийн газраа хамтран байгуулах гээд байдаг. Хэрэв ийн хамтарвал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд цөөнхийн хяналт үгүй болно. УИХ, Засгийн газар нь холилдон, засаглал хоорондын хяналт, тэнцэл ч алдагдана. Эцэстээ нам, төрийн ялгаа арилна.
Шинэ парламентад мөрдөж эхэлсэн УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нэгдсэн хуралдаанд үг хэлэх цагийг авсан суудалд нь хувь тэнцүүлэн нам, эвслийн бүлгүүдэд хуваарилахаар тусгасан. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 21.23-т “Хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд асуулт тавих нийт хугацааг УИХ-д авсан суудлын тооны харьцааг харгалзан нам, эвслийн бүлгүүдэд болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд холбогдох журмыг УИХ-ын даргын зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга батална” хэмээн заасан билээ. Нэгдсэн хуралдаан төдийгүй байнгын, дэд болон хянан шалгах түр хорооны хуралдаанд ч энэ дүрэм үйлчилнэ. Цаашлаад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.2-т “Тухайн нам, эвслийн бүлэг хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт тавих гишүүдийн нэрийг нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн байна” хэмээн тусгаж. Өмнөх парламентад гишүүд бүлэгтэй, эсэхээс үл хамааран асуулт тавих эрх нь нээлттэй байсан бөгөөд хугацааны хувьд нэг удаа нийтдээ зургаан минут хүртэл асууж, тайлбар авахыг зөвшөөрч байв. Харин тухайн асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлэх нь гишүүн бүрд нээлттэй ч хугацаа нь таван минут хүртэл байсныг дөрөв болгон багасгажээ. Ямартай ч одоо аль олон суудалтай, бүлэгтэй нь ахиу асууж, бүлэггүй, бүр цөөн гишүүнтэй нь тэр хэрээр бага ярьж, оролцоно гэсэн үг.
Энэ тухайд эдгээр төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “УИХ олон гишүүнтэй болж байгаа учраас нам, эвслийн бүлгүүд тухайн асуудлаар бодлогоо нэгтгэн зангидахад илүүтэй төвлөрч ажиллана. Иймд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоон, нам, эвслийн суудлынх нь тоогоор цаг хуваарилна. Үлдсэн цагийг нь бүлэггүй болон бие даагч гишүүдэд өгөх юм. Энэ бол бусад орны парламентад мөрддөг нийтлэг зарчим” гэж тайлбарлаж байлаа. Олон хүнийг бүгдийг нь дураар нь яриулбал цаг хугацаа алдаж, сунжрахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн нам, эвслийн удирдлага, шийдвэр гаргах дээд байгууллага, нөлөө бүхий гишүүдээс нь тулгасан чиглэлд баригдаж, хайрцаглагдсан шийдвэр гаргасан тохиолдол манай хууль тогтоох засаглалын түүхэнд бишгүй. Ингэж нам, бүлэг дотроо цөөнх болж, үзэл бодолдоо үнэнч байснаараа үг хэлэх эрхээ хязгаарлуулбал шударга бус.
Үүнээс гадна төлөөллийн байгууллагын сонгодог загвар гэгддэг парламентын мөн чанар болох мэтгэлцэх зарчим алдагдах эрсдэлтэй хэмээн дээрх зохицуулалтыг шүүмжилсэн хүн цөөнгүй. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 21.20-д “Нам, эвслийн бүлгээс хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх, эсэх үе шатанд мэтгэлцээн явуулна” хэмээн хуульчилсан байна. Энэ тохиолдолд болон бусад үед мэтгэлцээн явуулах журмыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгээр тогтоох аж. Үүнийг уг хуулийн 11 дүгээр зүйлд “Мэтгэлцээн явуулах ерөнхий журам” хэмээн тусгаж, нарийвчлан зохицуулсан нь олзуурхууштай. Үүнээс өмнөх парламентуудад, хууль, эрх зүйн орчин, ер нь манай сонгууль, улс төрийн амьдралд ус, агаар мэт үгүйлэгдэж буй зүйл нь мэтгэлцээн билээ. Халаагаа өгсөн УИХ-ын баримталж байсан дэгийн хуульд “Шаардлагатай гэж үзвэл байнгын хороо төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулна. Хуралдаан даргалагч мэтгэлцээний хугацааг 60 минутаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Мэтгэлцээний хугацаа дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ” гэх заалт байсан ч хэрэгжүүлсэн нь үгүй.
11 дүгээр зүйл. Мэтгэлцээн явуулах ерөнхий журам
11.1. Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 21.21-т заасны дагуу хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үе шатанд мэтгэлцээн явуулах тохиолдолд энэ зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.
11.2. Мэтгэлцээн явуулах талаар нам, эвслийн бүлгээс ирүүлсэн санал, дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн дараах үе шатанд мэтгэлцээн явуулна:
11.2.1. хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд;
11.2.2. хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үе шатанд төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар энэ хуулийн 39.14-т заасны дагуу ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд.
11.3. УИХ-ын тухай хуулийн 21.20-д заасны дагуу нам, эвслийн бүлгээс нэгдсэн хуралдаанаар төслийн талаар мэтгэлцээн явуулах шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулж болно.
11.4. Энэ хуулийн 11.2, 11.3-т заасан тохиолдолд тухайн нам, эвслийн бүлгийг төлөөлж мэтгэлцээнд илтгэх гишүүнийг тухайн нам, эвслийн бүлэг томилж, нэрийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид ирүүлсэн байна.
11.5. Илтгэгч гишүүн мэтгэлцэх шаардлага, үндэслэлээ 10 минутад багтаан танилцуулж, нам, эвслийн бүлгийн байр суурийг илтгэнэ.
11.6. Мэтгэлцээнд гишүүд, хууль санаачлагчаас гадна тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг байлцуулж болох ба гишүүд, хууль санаачлагч, бусад оролцогч баримт, нотолгоонд суурилсан, үнэн, бодитой мэдээлэлд тулгуурлаж асуулт асууж, хариулт өгч оролцоно.
11.7. Хуралдаан даргалагч мэтгэлцээний үргэлжлэх хугацааг тухайн хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслийн цар хүрээнээс хамаарч хоёр цагаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх, хууль санаачлагч болон илтгэгч гишүүнээс асуулт асуух боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар мэтгэлцээнийг нэг хүртэлх цагаар сунгаж болно. Мэтгэлцээн дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.
УИХ- ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас
Түүнчлэн нийгэм, олон нийтийн анхаарал татаж буй олон асуудлаар сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх, эрх баригчдын хүч түрэн шийдэх гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоодоггүй юм гэхэд тухайн зүйлд ард түмний анхаарлыг хандуулахын тулд завсарлага авах эрх ч бүлэггүй гишүүд, нам, эвсэлд нь үгүй. Завсарлага авахтай холбоотой зохицуулалт өмнөхтэй ижил хэвээр байна. Мөн санхүүгийн болон захиргааны нэмэлт дэмжлэгийг бүлэгт л олгодог. Тухайлбал, бодлогоо боловсруулахад зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажлын албыг зөвхөн бүлэг л байгуулах эрхтэй. Өнгөрсөн парламентад тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү, хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол 12 хүртэл ажилтан тус албанд хүчин зүтгэх ёстой байв. Тиймээс ч халаагаа өгсөн УИХ-д сонгогдон ажилласан МАН-ын 62 гишүүний төлөө 32 хүнтэй Ажлын алба хүчин зүтгэж байлаа. Харин 11 гишүүнтэй АН-ын бүлгийн Ажлын алба 12 хүнтэй байсан юм. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу бүлгийн Ажлын албаны орон тооны дээд хязгаар 32 байх юм. Өөрөөр хэлбэл, 68 суудал авсан МАН-ын бүлгийн Ажлын алба хуучнаараа буюу 32 хүний орон тоотой байх нь. Харин 64-өөс доош гишүүнтэй бүлгийн хувьд хоёр гишүүний дунд нэг ажилтан байх, хэрэв гишүүдийн тоо сондгой бол нэгээр нэмж тооцон нийт орон тоог тогтооно. АН 42 суудал авсан тул Ажлын алба нь 21 хүнтэй байна гэсэн үг. Ямартай ч эрх баригч, сөрөг хүчин байхаас эс хамааран ажлын албаныхан нь нам, эвслийнхээ хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэх, аль болох үр нөлөөтэй ажиллахад нь туслах том хүч, дэмжлэг болдог.
Өмнөх УИХ-уудад мөрдсөн зохицуулалтыг хэвээр үлдээсэн бол 126 гишүүнтэй парламентад АН, МАН-аас гадна ХҮН нам бүлгээ байгуулах байв. Сүүлийн 30 гаруй жилийн турш УИХ-д найм болон түүнээс дээш гишүүнтэй болсон нам, эвсэл бүлэг байгуулж ирсэн бол одоогийн парламентаас эл босгыг дээрх хоёр нам л давлаа.
Цаашлаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр бүлэггүй гишүүд шагайх ч эрхгүй. Уг зөвлөл нь байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулах, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, парламентын төсөв болон бусад зүйлийн талаар зөвшилцөх зэрэг эрх, үүрэгтэй. Мөн УИХ дахь цөөнхийн бүлэг хууль тогтоох байгууллагыг удирдахад оролцох өөр нэг боломж нь дэд даргын албан тушаал. Цөөнхийн бүлгийн тоогоор УИХ-д дэд дарга сонгож ирсэн. ХҮН нам бүлэг байгуулсан бол 2012 оны сонгуулиар байгуулсан парламентад гурван бүлэг ажиллаж, мөн тооны дэд дарга сонгосон түүхийг давтах байв. Үүнээс гадна хуулийн дагуу сөрөг хүчнээс удирдлагыг нь томилдог Төсвийн зарлагын хяналтын дэд хороог АН-ын гишүүн ахалж ажиллана, аанай л ХҮН намынхан үлдэж хоцорно. УИХ-ын гишүүдийн өөр хэнтэй ч хуваалцдаггүй онцгой бүрэн эрх болох төсөв батлах үйл явцад зарлага талд нь тус дэд хороогоор дамжуулан хяналт тавих боломж бүрддэг билээ.