Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хэрхлүүр нуур орчимд мориор аялж явсан 40 хүний хөтчөөр ажиллаж байсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ. “Хүүхэд сураггүй алга болсон” тухай дуудлага өнгөрсөн сарын 28-ны 22.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Үүний дагуу Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн болон цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран өнгөрсөн сарын 29-ний 00.53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19.53 цагт газар дээр нь очсон гэнэ. Хүүг эрэн хайх ажлыг зохион байгуулж, цогцсыг нь Хэрхлүүр нуураас гаргажээ.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 44 иргэний амийг аварчээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман хүн нас барж, таван иргэн гэмтсэн аж. Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 19 нь үер устай холбоотой байв.