Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Т.Ариунзаяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн шаардлагад нийцсэн ахлах түшмэлийн багц сургалтад Удирдлагын академид хамрагдсан юм байна. Ингэхдээ сургалтын төлбөрөө “Вестерн Монголиан девелопмент” ХХК-иас гаргуулж төлүүлсэн гэнэ. Энэ нь эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” үйлдэл гэж үзэн хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж.
Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Active time holdings limited” болон манай улсын “Ханбогд эксплорэйшн” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Вестерн Монголиан девелопмент” компани нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Зос уулын алтны үндсэн ордоос ашигт малтмал олборлодог аж ахуйн нэгж юм.