Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дахь орон сууцад хүний амийг хөнөөсөн тухай мэдээллийг энэ сарын 21-ний 07.10 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу тус дүүргийн Цагдаагийн газар, ЭЦА, МБА-ныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Ш гэх 16 настай охин гэмт этгээдийн гарт амиа алдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 32 настай З гэх бүсгүйг ч хөнөөн, цогцсыг нь гэртээ нуусан байсан нь тодорхой болсон гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн XIX хороонд оршин суудаг 20 настай Д гэх залуу үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож буй аж. Тэрбээр энэ сарын 8-9-нд шилжих шөнө эхний гэмт хэргээ үйлдээд, хохирогчийн цогцсыг гэртээ нуусан байжээ.
Энэ талаар өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүрэгт оршин суух Д нь Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт З-ийн амийг хохироосон. Мөн зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амийг егүүтгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна. НПГ-аас иргэн Д-д Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн “хоёр, түүнээс олон хүнийг хөнөөсөн” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд цагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээллээ.
Бэлтгэсэн Г.Орчлон