Австралийн Квийнслэнд мужийн Голд-Кост хотод зохион байгуулж буй мастеруудын хүндийг өргөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манайхаас хоёр эмэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. Гавьяат дасгалжуулагч С.Хөхөө багшийн удирдлагад бэлтгэл базаасан ОУХМ Ц.Оюунчимэг 60-64 насныхны ангилалд +87 кг-ын жинд хүч сорихдоо огцом өргөлтийн төрөлд 49 кг, түлхэлттэй өргөлтийн төрөлд 63 кг, нийлбэр дүнгээр 112 кг-ыг өргөж түрүүллээ. Дээрх тэмцээнд 2013 оноос эхлэн өрсөлдөж, найм дахь удаагаа аваргаар шалгарсан тэрбээр АНУ-д 2019 онд болоход нь 55-аас дээш насныхны +87 кг-д долоо дахь алтан медалиа хүртсэн юм. Үүнээс гадна тив, дэлхийн дээд амжилтыг 24 удаа шинэчлэн тогтоосон тэрбээр ДАШТ-ээс зургаа, олон улсын гран при тэмцээнээс дөрвөн алтан цом, медалийн хамт гарджээ. Мөн Азийн аварга, ОУХМ С.Саранцэцэг 40-44 насныхны ангилалд -87 кг-ын жинд өнөөдөр өрсөлдөнө. Манай тамирчид тус тэмцээний дараа Финланд улсад есдүгээр сард болох ДАШТ-д оролцох юм.