Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Унгарт болсон чөлөөт бөхийн тэмцээний дараа сүүлийн чансааг гаргажээ. Уг чансаагаар Францад хэсэг ахлах бөхчүүдийн нэр тодорно. Чансааны нэг болон дөрөвт жагссан бөхчүүд дээд хэсэгт орж, хагас шигшээ хүртэлх барилдаанд учраа таарахгүй. Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд хүч сорих олимпын эрх гардсан Гавьяат тамирчин Т.Тулга (11 000 оноо) 25 дугаар байрт эрэмбэлэгдэв. 86 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ (18 200) 13 дугаарт жагсаж, 125 кг-д өрсөлдөх Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл энэ удаа дэлхийн чансаанд бичигдсэнгүй. Эмэгтэйчүүдээс 50 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгонжаргал (61 600), 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа (57 700) амжилтынхаа чансаагаар эхний хоёрт жагссан. Тэдний араас 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон (23 700) 13 дугаар байрт бичигдлээ. Чөлөөт бөхтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, манайхан ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод энэ сарын 24 хүртэл үргэлжлэх “Барга цом” аварга шалгаруулах VI тэмцээнд оролцож байгаа. Тэд ОУХМ Б.Анхбаяр, Э.Сумъяа нарын удирдлагад тус хотын бэлтгэлийн төвд 14 хоног хамтарсан бэлтгэл базаажээ.