Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох, Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалаа урвуулж, 2017 оны арваннэгдүгээр сард “Алтай групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичиг хийж өгсөн.
Уг албан бичгээ Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, дээрх компанийн харьяа “Алтай агро трейд” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн түүнийг удаан хугацааны турш шалгаж буй билээ. Б.Винтовт холбогдох эл хэргийг өмнө нь 2019 онд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосныг давж заалдах шатны шүүх хэвээр нь баталж байсан юм.
Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг прокурорын хяналтад буцааснаар өдий хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн гуравдугаар сард Б.Винтовын холбогдсон, БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан “Агро мийт” хэмээх компанийн нэр дээр хуурамч бичиг баримтаар гаалийн бүрдүүлэлт хийсэн, дулааны аргаар боловсруулсан 23 тээврийн хэрэгсэл бүхий575 тонн ямааны махыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо 35 сая гаруй төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шалгаж дууссан билээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин