Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Европын харилцаа 35” архивын гэрэл зургийн үзэсгэлэнг Брюссельд зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Европын парламентын гишүүн, парламент дахь Төв Азийн бүлгийн дарга Томас Здеховский, Европын холбооны гишүүн орнуудын элчин сайд нар, Европын холбоонд суугаа ДТГ-ийн тэргүүнүүд, ЕХ-ны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөлөлүүд оролцов. Арга хэмжээний үеэр ардын урлагийн “Уухай” хамтлаг уран бүтээлээсээ толилуулав.
Монгол Улс, Европын холбооны хооронд 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Европын холбоо нь манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.Европын холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино “Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурлан өргөжин хөгжиж, хоёр талын яриа хэлэлцээний механизмууд идэвхтэй байгааг онцолж, ирэх жилүүдэд тэргүүлэх чиглэлийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдав.