Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн билээ. Цэцийн 05 дугаартай эл дүгнэлтийг УИХ дараа сард нь хэлэлцээд, хүлээн зөвшөөрөөгүй юм. Иймд дээрх зохицуулалтуудыг тусгасан УИХ-ын хяналт шалгалтын, үндсэн хуулийн цэцийн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэх ёстой байв. Тэгвэл эл хуралдааныг үндсэн хуулийн цэц найман сарын дараа товлож, энэ сарын 26-нд хийхээр болжээ. Энэ хугацаанд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын зургаан гишүүнийг Цэцэд нэр дэвшигчийн сонсголгүйгээр томилоод байна.