ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас 2024 оны зургадугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хэргийн талаар товч мэдээлэл өгье. 2024 оны зургадугаар сарын 16-ны 03.20 минутын орчимд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд Өвөрхангай аймгийн Сант сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн Сант суманд очиж мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Сант сумын Ардчилсан намын дарга Б бусдад зодуулсны улмаас нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэрэг гарсан шалтгаан хувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, иргэн О нь Б-г зодож, хүзүүн тус газар нь цохиж түүний улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Шалгагдаж байгаа О нь тухайн үед согтолтын зэрэг нь 1,28 хувийн согтолттой байсан. Хохирогч Б нь эрүүл байсан. Өмнөх өдрийн 23 цаг 20 минутад уг хэрэг гарч, 16-ны шөнийн 03.00 цагийн орчимд жижүүрийн шуурхай албанд дуудлага ирсэн” гэв.