Налайх дүүргийн нутаг, Тэрэлжийн давааны замд өнгөрсөн мягмар гаргийн үдэш зам тээврийн осол гарч, суудлын автомашин онхолджээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллахад тухайн тээврийн хэрэгслийг Архангай аймгийн харьяатай Л.О гэдэг эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад осолд өртөн гэмтсэн байна. Тэрбээр өмнө нь жолоодох эрхээ хасуулсан нэгэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
Эрүүгийн хуульд 2023 оны арванхоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, зөрчих гэмт хэрэгт оноох хариуцлагыг чангатгасан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 27.10-5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн өөрчилсөн. Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн 27.10-5 дахь заалтын дагуу нийт 198 хэрэг шалгаж, 145-ыг нь шүүхэд шилжүүлсэн бол 28-ыг нь хаажээ. Өдгөө 25 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм.