Монгол Улсаас Бутан улсад суугаа Элчин сайд Д.Ганболд төлөөлөгчдийн хамтаар тус улсын Үндэсний ассамблейн дарга Вангчук Намгъялд мягмар гарагт бараалхлаа. Вангчук Намгъял уулзалтын үеэр Бутаны оюутнууд уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцахад тэтгэлэг олгож, мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсад талархал илэрхийлэв.
Элчин сайд Д.Ганболд Монгол, Бутан хоёр улс нь түүх, уламжлал, соёл, шашин шүтлэг, амьдралын хэв маягийн хувьд нийтлэг ижил төстэй талуудтай болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харилцан суралцаж, хамтран ажиллах боломжтойг онцоллоо.
Уулзалтын үеэр дипломат харилцааг бэхжүүлэх, хоёр улсын парламент хооронд үзэл санаа, мэдлэг туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг тодорхойлох талаар санал солилцов. Хоёр тал илүү бат бөх түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан илэрхийллээ.