Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит-ийн хамт “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Төрийн тэргүүн нар манай хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд гэдгийг тэмдэглээд, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухлыг онцолж, цаашид ч энэ чиглэлд хамтдаа хувь нэмэр оруулахаа нотлов.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит-ийн хамт мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ Монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.