Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны арваннэгдүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан. Харин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн манай улсад хийж буй төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын эрүүл мэндийн яам, БНАЛАУ-ын эрүүл мэндийн яам хоорондын санамж бичиг”-ийн хүрээнд талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.
- “Монгол Улсаас БНАЛАУ руу үхэр, адуу, хонь, ямааны мах экспортлох, амьтны гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНАЛАУ-ын хөдөө аж ахуй, ойн яам хоорондын протокол”-д Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын төрийн албаны зөвлөл, БНАЛАУ-ын дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон ашиглаж, харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.