Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурч, 252.529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнээс 66.5 хувь нь Нийслэлд, 33.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 97.3 хувийг, Гадаадын иргэн, харьяатын газар, Татварын байгууллага, Гаалийн байгууллага тус бүр 0.1 хувийг, Онцгой байдлын газар 0.02 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 246.126 хүн, 899 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Дөрөвдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 7.2 хувиар буурч, хуулийн этгээд 3.8 хувиар өсжээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 63.3 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
Тавдугаар сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 33.7 хувиар, Хулгайлах зөрчил 22.2 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11.6 хувиар буурсан байна.
Харин Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 19.3 хувиар, Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8.4 хувиар, Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчил 8.3 хувиар, Танхайрах зөрчил 2.1 хувиар тус тус өссөн байна.