“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ази, Номхон далайн асуудал хариуцсан Товчооноос прокурорт хандан, дараах уриалгыг гаргажээ.
Монголын цахим мэдээллийн хэрэгслийн эрхлэгчийг хэд хоногийн өмнө саатуулсан бөгөөд Шадар сайдын төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй хэргийг эрэн сурвалжилсных нь төлөө түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас прокурорт хандан, сэтгүүлчийн эсрэг үүсгэсэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, мөн эрх баригчдад хандан, сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа аливаа дарамт шахалтгүйгээр, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхийг уриаллаа.
Монгол дахь мэдээллийн Tac.mn сайтын эрхлэгч А.Баярмааг 2024 оны тавдугаар сарын 5-ны өдөр 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг “ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” хэргээр шалгаж байна. Сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу найм хүртэл жилийн хорих ял оногдуулж болно. Одоогоор түүний шүүх хурлын тов гараагүй байна.
RSF-ын Ази, Номхон далайн асуудал хариуцсан Товчооны захирал Седрик Алвиани “А.Баярмаа нь төрийн өндөр албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласан тодорхой үйлдлийг илчилснээр олон нийтийн эрх ашигт үйлчилсэн тул түүнийг саатуулах, найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай хэрэг тулгах учиргүй. Бид Сүхбаатар дүүргийн прокурорт хандан, түүнд үүсгэсэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг уриалж байна. Түүнчлэн сэтгүүлчдийг хөндлөнгийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдүүлэхийг Монголын эрх баригчдад уриалж байна” хэмээн тодотгов.
А.Баярмаа нь 2021 оны гуравдугаар сараас 2022 оны наймдугаар сар хүртэл хугацаанд энэ сарын сүүлээр болох Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй Шадар сайдын болзошгүй хууль бус үйлдлийг илчилсэн эрэн сурвалжлах цуврал нийтлэл бичжээ. Уг албан тушаалтан нь нийслэл Улаанбаатар хотын автозамын дэд бүтцийг сайжруулахад зориулагдсан төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, АНУ-ын иргэнээс уул уурхайн компани худалдаж авахдаа дутуу төлбөр хийсний торгуульд 4.7 сая ам.доллар төлөхийг үүрэг болгосон шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг гацаахад нөлөөлсөн байж болзошгүй зэрэг үйлдлийг илчилсэн байна.
2024 оны нэгдүгээр сард цагдаа нар А.Баярмаагийн гэрт нэгжлэг хийж, түүний гар утаснууд, зөөврийн компьютер болон флаш дисктэй тэмдэглэлийн дэвтрийг нь хурааж авсан бөгөөд флаш дискийг нь буцааж өгөөгүй. Сэтгүүлчийг саатуулахаас арваад хоногийн өмнө түүний ажлын хамтрагч, хуульч Г.Батбаяр автомашиндаа буудуулсан байдалтай олдсон. Тэрбээр шадар сайдын хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг уул уурхайн компаниудын хууль бус үйлдлийн эсрэг хэргүүд дээр найман жилийн хугацаанд ажиллаж байв.
Монгол Улс 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оноос хойш 36 байраар эрчимтэй ухарсан. Тус улсад нэр төр гутаах хэргээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг тулгах нь түгээмэл болсон, мөн эдийн засаг, улс төрийн эрх мэдэлтнүүдийн гарт хэвлэл мэдээлэл их хэмжээгээр төвлөрснөөс болж тус улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “хүнд” гэсэн ангилалд багтах болов.
Эх сурвалж: “Хил хязгаагүй сурвалжлагчид” байгууллагын Ази, Номхон далайн асуудал хариуцсан товчоо