Их хэмжээний хар тамхи мансууруулах бодисыг БНХАУ-аас нүүрс тээвэрт явдаг том машинд нууж хилээр оруулсан хэрэг гарлаа. Уг хэрэгт холбогдуулан, Монгол Улсын иргэдийг холбогдуулан шалгаж эхэллээ.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй синтетик төрлийн мансууруулах бодисыг хэрэглэдэг гэв. Ер нь тээврийн жолооч нар оочер дарааллаа алдахгүйн тулд унтах эрхгүй явдаг аж.
Өөрөөр хэлбэл, нойроо хүргэхгүйн тулд хар тамхи хэрэглэж, донтогч болох эрсдэл үүсэж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Анх энэ бодисыг нүүрс тээвэрлэдэг хятад жолооч нар хэрэглэдэг байсан бол 2008 оноос эхлэн монгол жолооч нар мэр сэр хэрэглэдэг болсон.
Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар уг хар тамхийг хэрэглэдэг байсан. Энэ хэрээр хэрэглээ улам тэлж, тус аймгийн төвийн айлууд дээрх бодисыг худалдаалдаг болжээ.
Тухайн бодис буюу синтетик нь хүний биед сөргөөр хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, бие тавгүйтэх, сэтгэл санааны гүн хямралд орох, хий зүйл харагдуулах, нойргүйдэлд хүргэх гэх мэт шинж илэрч, хүний эд эрхтэнг нөхөн сэргэхгүйгээр үхжүүлж, тунгаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэл хүргэдэг байна.