Жил бүрийн хавар, зуны улиралд харшлын өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалж иргэд дур мэдэн эм, бэлдмэл хэрэглэх, дааврын тариа хийлгэх нь элбэг. Иргэд харшилтай болоход нөлөөлж буй гол хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболдтой ярилцлаа.
-Монголд таван хүн тутмын нэг нь харшилтай. Тэдний 80 орчим хувь нь ургамлын тоосны харшилтай гэх судалгаа бий. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу вэ?
-Ургамлын тоосны харшил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа. Хаврын улиралд буюу дөрөв болон тавдугаар сараас эрчимж дэг. Ургамлын тоосны харшил олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалж байна. Тухайлбал, агаар, орчны бохирдол нь амьсгалын замаар дамжих харшилд гол нөлөө үзүүлдэг. Хөгжиж буй улс орнуудын хүн амын 90 орчим хувь нь ДЭМБ-аас гаргасан стандартад нийцсэн агаараар амьсгалж чадахгүй байна гэх судалгаа бий. Ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй, амьсгалын замын эрхтнүүд нь маш мэдрэмтгий байдаг. Тиймээс орчны бохирдол, харшлын ринит ба астмад өртөмтгий болдог.
Мөн эрүүл ахуйн онолын хүрээнд энэхүү өвчлөлийг тайлбарлаж болно. Хотжилтын нөлөөгөөр хүмүүс байгалиас холдож, хүрээлэн буй орчноос авах ёстой нян бактеритай төдийлөн харьцахаа больсон. Хэт цэвэрч болсон гэсэн үг. Ингэснээр тухайн хүний дархлааны систем өөрчлөгддөг. Жишээлбэл, хүүхдийг багаас нь гадаа тоглуулахгүй байх, байгаль дэлхийгээс хөндий өсгөх нь харшилд өртөмтгий болгох өндөр эрсдэлтэй.
Харшлын эмнэл зүйн гол зовуурь, шинж тэмдэг нь хамар битүүрэх, нус, нулимс гоожих, хоолой, тагнай загатнах, найтаах зэрэг юм. Ихэнх тохиолдолд ургамлын тоосны харшилтай хүмүүс ханиад, харшил хоёроо ялгадаггүй. Учир нь ихэнхдээ хамар битүүрэх, нус, нулимс гоожих зэргээр вирусийн гаралтай халдвар авсан юм шиг илэрдэг. Үүнийг мэргэжлийн эмчид үзүүлж, зөв оношлуулах зайлшгүй шаардлагатай.
-Ургамлын харшил нь бусад төрлийн харшлын эх үүсвэр болдог гэдэг. Энэ нь юутай холбоотой бол?
-Яг ингэж тодорхойлох боломжгүй. Хүн ямар ч төрлийн харшилтай байж болно. Тухайлбал, хүнсний, ургамлын, арьсны гэх мэт. Мөн харшил нь хэзээ ч үүсэж, бас сэдрэх магадлалтай. Тааварлах аргагүй. Нэг төрлийн харшилтай хүн бусад зүйлээс харшлах нь харьцангуй өндөр байх магадлалтай.
-Харшил удамшдаг уу. Сүүлийн үед бага насны хүүхдүүд өвчлөх нь элбэг болсон.
-Харшил нь удамшдаг биш, удамших хандлагатай өвчин юм. Удамших хандлагатай гэдэг нь эцэг, эх харшилтай бол хүүхэд ч үүгээр өвчлөх магадлал нэмэгддэг. Тухайлбал, эцэг, эх хоёулаа харшилгүй тохиолдолд хүүхэд харшилтай болох магадлал 5-15 хувь. Харин эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 20-40 хувьтай. Эцэг, эх хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 60-80 хувьтай гэх судалгаа бий. Гэвч эцэг, эх нь хоёулаа харшилтай байлаа ч хүүхэд заавал адил төрлийн харшилтай болох албагүй.
-Үүнээс сэргийлэх хамгийн оновчтой арга нь юу вэ?
-Тухайн хүнд тохирсон өвөрмөц арга гэж байхгүй. Энэ бол дархлааны өвчин. Ханиад хүрвэл амны хаалт зүүж сэргийлдэг шиг шууд хамгаалах боломжгүй. Магадгүй том зургаар нь харж, харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн үг. Байгаль орчин, агаарын бохирдлын нөлөөллийг багасгах шаардлагатай. Тухайлбал, дизель түлшний утаа, дутуу шатсан нүүрс зэрэг нь амьсгалын замын салст бүрхэвчийг гэмтээх нь түгээмэл. Салст бүрхэвч гэмтэхээр амьсгалын замд харшлын урвал явагдах таатай нөхцөл бүрдэнэ. Энэ нь цаашлаад астма үүсэх гол хүчин зүйл болдог. Харин өөрийгөө харшилгүй гэж боддог хүмүүсийн хувьд сорил тавиулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Сэдрэх хугацаа нь харилцан адилгүй байх аа?
-Тийм ээ. Тухайн жилийн байгаль, цаг уурын онцлогоос хамаарч сэдрэх хугацаа нь өөр байна. Жишээлбэл, эрт зун болсноор ургамал ургах таатай нөхцөл бүрдэнэ. Ингэснээр харшлын үргэлжлэх хугацаа уртасдаг. Харин тухайн жилд цаг агаар эрт хүйтэрвэл харшил үргэлжлэх хугацаа богиносох магадлалтай. Тиймээс тухайн жилийн цаг уурын онцлогоос хамаарч харшил идэвхжих хугацааг тодорхойлдог.
Бас ургамлын тоосжих хугацаа гэж бий. Хаврын улиралд, тэр дундаа тавдугаар сард модлог ургамлын тоосжилт ихэсдэг. Бургас, улиас, хус гэх мэт. Зургаадугаар сард соргүй согоовор, саман ерхөг гэх мэт үет ургамлын тоосжилт идэвхэждэг. Харин долоодугаар сард хөл газрын ургамлын тоосжилт нэмэгддэг. Тэгэхээр шарилж, багваахай, лууль гэх мэт ургамлын тоосжих төрлөөс хамаарч харшил сэдрэх үе өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Мөн аль ургамлын тоосны харшилтайгаас хамаараад зовуурь, шинж тэмдэг нь өөр. Ойролцоогоор намар есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Одоогоор модлог болон үет ургамлын харшлын үе үргэлжилж байна.
-Харшил бүрэн эмчлэгддэггүй гэх ойлголт байдаг. Бас ургамлын тоосонцрын харшлыг эрт үед нь эмчилж чадвал бүрэн эмчлэгддэг гэх нь ч бий.
-Ханиад шиг эм уугаад л бүрэн эдгэрчихдэг өвчин биш. Харшлын өвчин нь сэдрэх, намжих гэсэн хоёр үе шаттай. Сэдэрсэн үед нь яаралтай хариу арга хэмжээ аваагүйн улмаас улам хүндэрч, аминд аюул учруулах эрсдэлтэй. Мөн сэдэрсэн ч тоолгүй өнгөрснөөр өөр төрлийн харшил нэмэгдэх магадлалтай. Харшил сэдэрсэн үеийн хамгийн гол арга хэмжээ нь мэргэжлийн эмчид хандаж, зөв оношлуулах юм. Иргэд дур мэдэн өөрийгөө оношилж, тохирохгүй эм, тариа хэрэглэх нь түгээмэл байна. Сорил тавиулаагүй, юуны харшил яагаад үүссэнийг оношлуулж, зөв эмчилгээ хийлгэж чадахгүй бол бүр л хүндэрдэг талтай.
Эм уухдаа эмчээс асууж, өөрт тохирсон тунгаар хэрэглэх нь нэн чухал. Зарим тохиолдолд хүмүүс харшлаа дарангуйлах зорилгоор дааврын бэлдмэл их хэрэглэж байна. Гэтэл энэ нь хүний биед олон төрлийн гаж нөлөө үзүүлдэг. Тухайлбал, таргалуулах, ходоодны шарх үүсгэх гэх мэт сөрөг нөлөөтэй.
Иргэд эм, тариа хэрэглээд л зуныг давчихна гэдэг. Гэтэл харшлын эм, тариа нь өндөр тунтай даавар агуулдаг. Тухайн үедээ зовуурь, шинж тэмдгийг арилгачхаж болох ч алсдаа олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдгийг ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна дур мэдэж эм, бэлдмэл хэрэглэх нь цаашид харшлыг дарангуйлах чадваргүй болгодог. Эм, тариа үйлчлэхээ болино. Тиймээс эмчид үзүүлж, өөрт тохирсон зөв эмчилгээг хийлгэх нь чухал.
-Энэ өвчний эсрэг вакцин хийлгэдэг иргэн цөөнгүй байдаг шүү дээ. Вакцин үр дүнтэй юү?
-Вакцин бол олон улсад батлагдсан зүйл учраас мэдээж үр дүнтэй. Харшил төрүүлэгч бодисыг маш бага тунтайгаар биед хийх нь вакцин юм. Ингэснээр харшил төрүүлэгч тухайн хүний биед дасаж, харшлаас сэргийлэх боломжтой. Юунаас харшилж буйгаа мэдсэнээр ямар төрлийн вакцин хийлгэхээ сонгоно гэсэн үг. Вакциныг схемчлэн хийлгэснээр 5-10 жилдээ харшлыг дарангуйлах боломжтой. Энэхүү эмчилгээ нь олон төрөлтэй. Тухайлбал, тарьдаг, хамар луу шүршдэг, уудаг, хэлэн дороо тавьдаг, цацдаг гэх мэт.
Харин дааврын тариа нь вакцин шиг үр дүнтэй зүйл биш. Хүмүүс үүнийг вакцинтай андуурч, янз бүрийн, гарал үүсэл нь тодорхойгүй даавар тариулдаг нь буруу. Хүүхэд, том хүнд зориулсан гэх мэт олон төрлийн вакцин бий. Юуны түрүүнд харшлыг нь тодорхойлсны дараа үүсгэгчид нь тохирсон эмчилгээ, вакцин хийлгэнэ.
-Сүүлийн үед олон улсад харшлын эсрэг олон төрлийн арга хэмжээ авч буй. Тэдгээрийг манай улсад хэрэгжүүлж чадаж байна уу?
-Харшлын нарийн мэргэжлийн эмч нарт олон улсад дагаж мөрддөг удирдамж гэж бий. Бид үүнд тулгуурлан эмчилгээ хийдэг. Ерөнхийдөө олон улсад ямар стандарт дагаж мөрдөж байна, бид түүний дагуу л үзлэг, оношилгоо хийдэг. Олон улсад өдгөө харшлын дархлаа эмчилгээний аргыг голчлон ашигладаг. Энэ нь тухайн харшил үүсгэгчээс нь эм, бэлдмэл гарган авч, хамрын цацлага, курс тариа болгон хэрэглэх арга. Манай улсын хувьд энэ эмчилгээг нэвтрүүлсэн эмнэлэг одоогоор алга. Учир нь зардал нь маш өндөр байдаг.
-Шарилжийн харшилтай хүмүүс айраг, гүүний саам ууж болохгүй гэдэг шүү дээ. Энэ нь харшлыг сэдрээгч хүчин зүйл болдог гэсэн үг үү?
-Харшлыг сэдрээх хоол хүнсний жагсаалт гэж бий. Ер нь харшлын үед ургамлын гаралтай хоол хүнсийг хориглох хэрэгтэй. Тухайлбал, түүхий хүнс буюу лууван, улаан лооль, айраг, саам, зөгийн бал зэргийг хэрэглэж болохгүй. Саам, айргийн тухайд гүү ургамал, өвсөөр хооллож байгаа учраас харшлыг сэдрээх хүчин зүйлсийн нэг болдог.
-Иргэд хлорфинамин, резин зэрэг эмийг дур мэдэн уудаг нь сөрөг үр дагавартай юу?
-Хэт мэдэмхийрэх хандлагаас болж өвчнөө хүндрүүлсэн тохиолдол цөөнгүй. Өөрийгөө дур мэдэж оношилж, эм, бэлдмэл огт хэрэглэж болохгүй. Харшил гэхээр аминаас хол юм шиг санагдаж буй боловч амьсгал бачуурах, хоолой боох гэх мэт эрсдэл үүсгэдэг өвчин. Цаашлаад амьсгалын дутагдалд оруулж, аминд ч хүрэх эрсдэлтэй. Харшлаа хүндрүүлснээс болж гэнэт хоолой боогдож ухаан алдахыг үгүйсгэхгүй. Мөн амьсгалын замын харшлыг бүрэн эмчлээгүйн улмаас астматай болж хүндрэх магадлалтай. Үүнийг харшлын шалтгаантай гуурсан хоолойн багтраа өвчин гэж нэрлэдэг.
-Харшлаа уламжлалт аргаар эмчлэх гэж их оролддог хүн цөөнгүй байх аа?
-Бид уламжлалт эмчилгээ хийхийг зөвлөдөггүй. Харшлын үед голио идэх гэх мэт янз бүрийн арга иргэдийн дунд тархсан. Гэтэл голио ургамлаар хооллогч амьтан шүү дээ. Тиймээс харшлыг хүндрүүлнэ үү гэхээс биш, эмчлэхгүй. Дарангуйлах бус, хүндрүүлэх хүчин зүйл болдог. Анагаах ухаанаар бүрэн батлагдаагүй арга хэрэглэх нь аминд хүрэх эрсдэлтэй.
-Танай төвд хандсан хүмүүсээс хамгийн залуу нь хэдэн настай байна вэ?
-Манайд одоохондоо харшлын тархалтыг нарийвчлан судлаагүй. Харшлын идэвхжилтийн үед өдөрт 40-60 хүн үзүүлдэг. Бусад үед 20-30 хүн амбулаториор тогтмол үйлчлүүлж байна. Сүүлийн жилүүдэд насжилтын хувьд ялгарахаа больсон. Хүүхдүүдэд хүнсний харшил голчлон илэрдэг. Харин насанд хүрэхээр арьсны харшил багасаж, амьсгалын замынх нэмэгдэж буй нь ажиглагдах болсон. Хотжилт, байгаль орчин, агаарын бохирдол үүнд нөлөөлж байна. Эдгээрээс болоод хүүхдүүдийн дунд харшлын өвчлөл илүүтэй тархаж буй. Харшилгүй хүүхэд бараг л байхаа болих нь.
-Харшилтай тэмцэж буй болон сэргийлэх арга зам хайж буй иргэдэд та ямар зөвлөгөө өгөх бол?
-Шөнө, ялангуяа үүрээр цонхоо онгойлгохгүй байх хэрэгтэй. Гадуур явсан бол өмссөн хувцас, үсээ заавал угаах. Гэр орондоо ургамлын тоосыг аль болох байлгахгүй цэвэрлэх хэрэгтэй. Мөн хүчтэй аадар бороо орсон үед цонхоо хаах нь чухал. Бороо орох үед үүлэнд хуримтлагдсан ургамлын жижиг тоосонцрууд газарт буудаг. Энэ нь амьсгалын замд орж маш хүчтэй хариу урвал үзүүлдэг. Ингэснээр хоолой боох шинж тэмдэг илэрнэ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн