Нийслэлийн нийтийн тээврийн хамгийн том аж ахуйн нэгж болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын албаны онолын багш Я.Энхбаатар холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор нь хянаад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр шийдвэрлүүллээ. Тэрбээр автобусны жолоочийн сургалтад сууж ажилд орохоор бүртгүүлсэн нэгэн иргэнээс жолоодлогын дүрмийн шалгалт авах үедээ хахууль нэхсэн хэрэгт холбогдсон юм.
Иргэн Д.Э өнгөрсөн хоёрдугаар сард автобусны жолооч болохоор бүртгүүлж, сургалтад хамрагдсан бөгөөд дараа сард нь улсын шалгалтад орохоор болоход Я.Энхбаатар тодорхой хэмжээний мөнгө өгөхийг түүнээс шаардсан байдаг. Уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 2800 нэгж буюу 2.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасжээ.