Азийн хөл бөмбөгийн холбоо хуралдаж, 20 болон 17 хүртэлх насныхны Азийн цомын тэмцээнтэй холбоотой томоохон шийдвэр гаргав. Монголын 20 хүртэлх насныхны шигшээ багийнхан тивийн 47 улсаас 25 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Дээрх холбооны тэмцээн зохион байгуулах хорооноос шигшээ шатны тоглолтыг БНХАУ-д ирэх жил явуулахаар шийдвэрлэлээ. 20 хүртэлх насныхны Азийн цомын тэмцээний шигшээд 16 улсын тамирчин өрсөлдөнө. Урьдчилсан шатанд оролцож буй 43 улс 10 хэсэгт хуваарилагдаж, хэсэг тус бүрийн аварга болон шилдэг үзүүлэлттэй таван баг зохион байгуулагч улстай нэгдэх юм. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг есдүгээр сарын 21-29-нд зохион байгуулж, сугалааны дараа хүлээн авах улсыг тодруулах нь. Тэмцээн зохион байгуулах хорооноос мөн17 хүртэлх насныхны цомын шигшээ тоглолтыг Саудын Арабад зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Урьдчилсан шатанд 41 улс оролцохоор бүртгүүлж, 10 хэсэгт хуваагдсанаар шигшээд өрсөлдөх юм. Манай шигшээ багийнхан 28-д эрэмбэлэгдсэн байна.