Монголын хөл бөмбөгийн холбооноос футзалын ордонд зохион байгуулсан нэгдүгээр лигийн хаалтын тоглолт өндөрлөлөө. Зургаан сар үргэлжилсэн эл тэмцээнд оролцсон багуудаас аваргын төлөө дасгалжуулагч Л.Банзрагчийн удирдлагад бэлтгэл базаасан Б.Гарамбазар ахлагчтай “Хан жигүүртэн” клубийнхэнтэй “Улаанбаатарын мазаалайнууд”-ын тоглогчид сүүлийн хоёр тойрогт ана мана өрсөлдсөн юм. Энэ удаа “Хан жигүүртэн”-ийнхэн өрсөлдөгчөө буулган авч алтан цом өргөснөөр футзалын дээд лигт хүч сорихоор болов. Лигт онооны хол зөрүүгүй хожигдож, мөнгөн медаль зүүсэн “Улаанбаатарын мазаалайнууд” багийн Э.Золбоо шилдэг хаалгачаар шалгарав. Тэгвэл мэргэн буучийн шагналыг “Хан жигүүртэн”-ий С.Энх-Амгалан 45 гоол оруулсан амжилтаар гарджээ. Шилдэг тоглогчийн шагналыг тэмцээний үед бусдыгаа хошуучлан багаа хожилд хөтөлсөн Б.Түвшинбаяр хүртлээ.