Тайландын Бангкок хотод зохион байгуулж буй, “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох боксын тэмцээнд 133 орын 578 тамирчин 13 жинд хүч сорилоо. Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхнаас 54 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Энхжаргал Японы тамирчин Микото Харадаг 5:0-ээр илүүрхэж, эхний ялалтаа авсан. Тэрбээр дараагийн тоглолтдоо Канадын Скарлетт Делгадог илүүрхэн хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ээлжит ялалтаа байгуулав.
Тэгвэл тус тэмцээний сүүлчийн өдөр олимпын эрхийн төлөө Венесуэлийн Жохона Каралиныг буулган авч Парисын дэвжээнд тулалдах эрх гардсанаар Францыг зорих хоёр дахь боксчин боллоо. Түүнээс өмнө 50 кг-д ОУХМ О.Есүгэн өмнөд хөршид өнгөрсөн жил болсон “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, эмэгтэй боксчдоос олимпын анхны эрхийг авсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс 51 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тоглолтод Саудын Арабын тамирчин Абдулазиз Халидыг ялж, дараагийнхад нь Кирибати улсын Эриү Темакау, Малайзын Абдул Ариффин нарыг хожсон. Олимпын эрхийн төлөө тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт, АНУ-ын боксчин Роско Хиллтэй тулалдаж, харамсалтай нь 5:0-ээр ялагдлаа.