Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол, Беларусийн харилцаа 1991 оны арванхоёрдугаар сард ЗХУ задарч, Беларусь тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг аж. Улмаар хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоов.
Уламжлал ёсоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нар Беларусь улсад нэгэн зэрэг хавсран сууж байсан. Тодруулбал, 1992–1994 онд Н.Мишигдорж, 1994-1996 онд Н.Бавуу, 1996–2000 онд Ц.Цолмон, 2001-2005 онд С.Баяр, 2005-2009 онд Л.Хангай, 2009–2014 онд Д.Идэвхтэн, 2014–2016 онд С.Алтангэрэл, 2016-2019 онд Б.Дэлгэрмаа, 2019-2021 онд Д.Даваа нар юм.
2021 оны есдүгээр сарын 30-нд Монгол Улсаас Беларусь улсад суурин суух анхны Элчин сайд Б.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ барьж албан үүрэгтээ оржээ. Харин Беларусь Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нар Монгол Улсад хавсран сууж байв (В.Н. Кузнецов 1998 — 2000, В.П. Буря 2011 — 2013 оны 7 сар). Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам 2014 оны зургадугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдэв. 2014 оны наймдугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурной Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан байна.
Парламент хоорондын харилцаа
Монгол Улсын Их хурал, Беларусь Улсын Үндэсний Хуралд парламенттай хамтран ажиллах ажлын хэсэг харилцан байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлын дэргэд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол-Беларусийн парламентын бүлэг байгуулагджээ. Хоёр орны парламент хоорондын харилцаа холбоо, ЕАБХАБ-ын Парламентын Ассемблейн Торгоны замыг дэмжих бүлгийн хүрээнд хийгдэж байгаа талаар ярилцсан байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн харилцааг 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон), 2001 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх, хамгаалах тухай хэлэлцээр (2002 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон), 2001 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд давхар татвараас зайлсхийх, орлого, эд хөрөнгийн албан татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (2007 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон) зэрэг эрх зүйн бичиг баримтуудаар зохицуулдаг юм.
2020 онд хоёр улсын бараа эргэлт 49,6 сая доллар (2019 онтой харьцуулахад 147,1 хувь) болж, Монгол руу нийт 49,5 сая доллар (146,6 хувь)-ын Беларусийн бараа нийлүүлэв. Монголоос Беларусь руу 153,6 мянган долларын бараа нийлүүлсэн. Монгол Улсад Беларуст үйлдвэрлэсэн гал унтраах, аврах, зам барих тоног төхөөрөмж, трактор нийлүүлэх, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд цахилгаан шат засварлах болон сүү боловсруулах үйлдвэр, ферм барих тухай экспортын зээл олгох Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулахаар ярилцаж байна.
Дээд өндөр хэмжээний уулзалт, айлчлалууд
Монгол, Беларусь улс олон улсын тулгамдсан гол асуудлаар ижил байр суурьтай байдаг бөгөөд нэгдмэл бус ертөнц байгуулахын эсрэг бага, буурай улс орнуудын ашиг сонирхлыг хангаж харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг аж.2019 оны аравдугаар сарын 11-ны өдөр Беларусь Улсад Монгол Улсын ЭСЯ-ыг нээх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдан, 2020 оны тавдугаар сарын 21-нээс Элчин сайдын яам үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 оны зургадугаар сард Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нартай тус тус уулзсан.
Мөн 2017 оны тавдугаар сард Бээжин хотод болсон “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзсан юм. Беларусь Улсын Ерөнхий сайд В.Ф. Кебич 1992 онд, 2013 онд М.В. Мясникович нар Монгол Улсад тус тус айлчилсан бол 2016 онд Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд 2001 онд Л.Эрдэнэчулуун, 2018 онд Д.Цогтбаатар Беларусь улсад айлчилсан байна. Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Л. Сенко 1996 онд Монгол улсад айлчилжээ. 2013 онд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Беларусь Улсад айлчилсан. 1992 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Беларусь Улсын Гадаад харилцааны яам хоорондын дөрвөн удаагийн зөвлөлдөх уулзалт болов. (2012 оны 9-р сард Улаанбаатарт, 2013 оны 5-р сард Минск хотод, 2015 оны 4-р сард Улаанбаатарт, 2019 оны 9-р сард Минск хотод).