Халуун асфальт ачиж явсан "Таны зам" компанийн Nortn Benz маркийн 35-71 УЕА улсын дугаартай том оврын автомашины урд дугуй хагарсны улмаас жолоодлого алдаж, урдах машинаа мөргөжээ. Мөргүүлсэн Toyota Prius 30 маркийн автомашины арын суудалд бага насны хоёр хүүхэд сууж явсан байна. Улмаар хоёр хүүг шуурхай эмнэлэг рүү авч явсан боловч, гэмтлээ даалгүй замдаа нас баржээ. Уг зам тээврийн ноцтой осол Өмнөговь аймгийн Ханхонгор сум 1-р баг Даланзадгад сумаас Баяндалай сум чиглэлийн 25 дахь км-т тавдугаар сарын 28-ны оройн гарсан гэнэ.
Тухайн өдөр Өмнөговь аймгийн V сургуулийн нэгдүгээр ангийнхан өдрийн зугаалганд явсан байна. Харин буцах үед нь Toyota Prius 30 маркийн автомашины жолооч өөрийн хүү болон хүүгийнхээ найзыг машиндаа авч явжээ.
Хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байна. “Таны зам” ХХК-ийн эзэмшлийн Nortn Benz маркийн 35-71 УЕА улсын дугаартай автомашин нь халуун асфальт ачиж аймгийн төвийг чиглэн явах үед баруун урд дугуй хагарсны улмаас жолоодлого алдаж автомашинаа зогсоож чадалгүй урдаа явсан автомашиныг мөргөсөн гэх ослын урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Мөргөсөн, мөргүүлсэн автомашины жолооч нар нь тархины доргилттой, цочролын байдалтай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байна.