Гүйлтийн спортоор хичээллээд 20 гаруй жилийн нүүр үзэж буй Б.Болормааг ажлын хамт олон, найз нөхөд нь “шуурга” хэмээн нэрлэдэг юм билээ. Хэдийгээр харааны бэрхшээлтэй ч шалмаг хөдөлгөөнтэй, салхи, шуурга мэт хурдан гүйдэг учир ийн нэрлэх болсон гэнэ. Тэрбээр амьдралын бүхий л шуургыг сөрж, үнэт зүйлээ бүтээсэн дайчин эмэгтэй аж. “Улаанбаатар марафон”-ы 42 км-ийн зайн ангилалд хоёр жил дараалан түрүүлсэн ОУХМ, ахмад тамирчин Б.Болормаатай ярилцлаа.
-“Улаанбаатар марафон”-ы хамгийн хол буюу 42 км-ийн зайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж, алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Та өнгөрсөн жил мөн энэ төрөлдөө түрүүлсэн байх аа?
-Тийм ээ. Баярлалаа. Би өнгөрсөн онд мөн бүтэн марафон буюу 42 км-ийн зайд түрүүлсэн. Одоо 59 настай. Өөрийнхөө ангилалд 19 настай охинтой өрсөлдөж, тэргүүлсэндээ баяртай байна. “Улаанбаатар марафон”-ыг анх зохион байгуулсан цагаас оролцсон. Нэг удаа ч өнжөөгүй.
-Анх оролцохдоо аль зайд гүйж, ямар амжилт гаргасан бэ?
-Анх 1500 км-т гүйсэн. 2022 онд мөн энэ зайд түрүүлж, алтан медаль хүртэж байлаа. Харин өнгөрсөн жилээс холын зайд гүйж эхэлсэн. Би марафоны 21 км-ээс бусад бүх зайн ангилалд оролцсон.
-Харааны бэрхшээлтэй хүн хөтөчтэй гүйдэг юм билээ. Онцлогийнх нь талаар ярьж өгөөч.
-Харааны бэрхшээлтэй иргэд хөтчийн тусламжтай гүйдэг. Миний хөтчийг Г.Ганбаяр гэдэг. 1998 онд төрсөн залуу бий. “Ахиллис Монгол” клубийн тамирчин. Биднийг гүйж явахад хүмүүс “Ээж, хүү хоёр уу” гэж ихэд сонирхон асууж байсан. Хөтөчтэйгөө өнгөрсөн онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон олон улсын марафонд оролцож, 42 км-ийн зайг дөрвөн цаг 36 минутад туулсан. Сая “Улаанбаатар марафон”-д таван цаг таван минут гүйлээ. Өнгөрсөн онд 42 км замыг таван цаг 25 минутад туулсан. Энэ удаа амжилтаа ахиуллаа. Мөн 2017 онд Шинэ Зеландад болсон мастеруудын ДАШТ-д оролцож, тэргүүн байр эзэлж байлаа.
-АНУ-д болсон марафонд оролцоход ямар сэтгэгдэл төрж байв?
-Хөгжөөн дэмжигч, зохион байгуулалт маш сайтай болсон. Шулуун замд гүйлгэдэг. Зам сайтай юм билээ. Хөгжөөн дэмжигч олон байх тусам тамирчид урамшиж, хүч авдаг. Гүйлтийн спорт хүнийг эрүүл энх, урт удаан наслахад хамгийн их нөлөөлдөг гэж боддог.
-Харин манай улсын зам гүйхэд хэр аюулгүй бол?
-Хөтөч сайн тулдаа замдаа бүдэрч уналгүй, сайхан гүйлээ. Бусад тамирчин, залуус зам сайхан байна гэцгээж байсан. Миний хувьд 90 хувийн харааны бэрхшээлтэй. Траншейний нүх, замын эвдэрч, хагарсан хэсгийг хөтөч маань харж буй учраас тэр бүхнийг тойруулж гүйлгэсэн. Хөтөчдөө маш их баярлалаа.
-Тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд холын зайд ийм амжилт үзүүлэх болов уу. Бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хангадаг вэ?
-42 км-т гүйхэд тэвчээр шаардалгүй яах вэ. Бие махбодоос гадна сэтгэл зүйгээ сайтар бэлдэж байж оролцдог. Өвлийн цагт зааланд бэлтгэлээ хийдэг. Цаг агаар дулаарахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэлээ базаасан. Зориулалтын зам дээр гүйхгүй бол дугуй, скүүтертэй хүүхдүүд дайрчих гээд гүйж чаддаггүй.
-Таны энгэрээр дүүрэн медаль байна. Бүгд гүйлтийн спортынхуу. Хэзээнээс гүйж эхэлсэн юм бэ?
-Би гүйлтийн спортоор хичээллээд 24 жил болж байна. Гавьяат тамирчин, паралимпийн Ж.Лхагважав багш анх намайг гүйлтийн спортоор хичээллэх санал тавьсан юм. Анх долоон км-т гүйж түрүүлсэндээ урамшиж, надад ер нь тохирох юм байна гэж бодсон. Одоо миний өмнө гишгэдэг эмэгтэй тамирчин пара гүйлтийн төрөлд байхгүй. Уг нь харааны бэрхшээлтэй залуус марафонд идэвхтэй оролцож, амжилт үзүүлээсэй гэж хүсдэг. Миний гүйдэг 42 км-ийн зайд тулгуур эрхтний бэрхшээлтэй болон сонсголгүй, хараагүй иргэд оролцдог. Хөгжлийн бэрхшээлийн төрөл, насаар нь ангилдаггүй. Хамтад нь оролцуулдаг юм.
-Таныг “шуурга” гэдгээр нь харааны бэрхшээлтэй иргэд анддаггүй юм билээ.
-Намайг “шуурга” гэж нэрлээд олон жил болж байна. Анх ажилд ороод удаагүй байхаас л ингэж дуудах болсон. Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, салхи, шуурга шиг гүйдэг гэж манайхан магтдаг юм.
-Гүйж байхад шөрмөс татах, унаж бэртэх тохиолдол гарч байв уу?
-Гараанаасаа л аятайхан гарахгүй бол шөрмөс татахаас эхлээд асуудал үүснэ. Шөрмөс татсан үед хөтөч маань иллэг хийж өгдөг. Өдөрт тогтмол хоёр цаг гаруй хугацаанд бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ сайн базаавал гүйлтийн чадвар сайжирч, булчин зангирах, шөрмөс татах нь гайгүй болдог юм. Сая болсон марафонд хоёрдугаар байрт орсон тамирчнаас 20 минутын өмнө орж ирсэн. Маршрутын дагуу 10 км-ийн замыг дөрвөн удаа тойрлоо.
-“Улаанбаатар марафон” жилээс жилд өргөжиж, гадаад, дотоодын тамирчид төдийгүй хүмүүс гэр бүл, найз нөхдийнхөө хамт гүйдэг болжээ. Марафонд оролцох нь л амжилт гэдэг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Манай улсад гүйлтийн спортоор хичээллэх хүний тоо нэмэгдэж, хүүхдүүдээ багаас нь зөв дадалтай болгож буйд сэтгэл өндөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгалгүй бүх төрөлд нь оролцуулдагт баярладаг. “Улаанбаатар марафон”-оос авсан медалийн долоо нь 1500 км-ийнх. Гэхдээ шагналын мөнгөн урамшууллын тухайд бусдын адил ялгамжгүй ханддаг байгаасай гэж хүсэж байна.
-Гүйлтийн спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн тань дэмждэг байх.
-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд минь байнга дэмжиж, урам хайрладаг. “Та чадаж байна, тив, дэлхийгээр явж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож буйд бахархаж байна” хэмээн намайг урамшуулдаг. Хүүхдүүдээс минь гадна бэр охин, ач хүү минь үргэлж намайг дэмждэг. Тэднийхээ урмын үгээр тууштай гүйж байна. Марафонд ээжийгээ дэмжиж, барианд ороход угтаж авсан шүү. Том хүү минь харааны бага зэргийн бэрхшээлтэй. Хараагүйчүүдийн үндэсний төвд ажилладаг юм. Дунд хүү Ирландад амьдардаг. Охин минь их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа.
-Тусгай хэрэгцээт иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, олон нийтийн байгууллагаар үйлчлүүлэхэд саад бэрхшээл мундахгүй тулгардаг. Та энэ бүхнийг хэрхэн даван туулж байна?
-Хүүхэд төрүүлэхээс эхлээд салхилуулах, цэцэрлэг, сургуульд сургахад байнга л асуудалтай тулгарч ирсэн. Наад зах нь бичиг үсэг харахгүй учраас хичээл номыг нь зааж өгч чаддаггүй. Хүүхдүүдийг минь өсгөж, сургахад ажлын хамт олон, төрсөн дүү нар минь тусалж, дэмжиж өдий зэрэгт хүргэсэн. Хүүгээ 116 дугаар сургуульд оруулахын тулд тухайн үед тусгай цэцэрлэгт явуулдаг байлаа. Гэр минь Багануурт. Ням гаргийн шөнө галт тэргэнд суугаад өглөө нь Улаанбаатарт бууна. Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой нь буцдаг байв. Хүү минь 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан.
-Техник, технологи, цахим мэдээллийн салбарт харааны бэрхшээлтэй иргэд амжилт гаргасан нь цөөнгүй. Харин спортоор амжилт гаргасан тохиолдол хэр байдаг вэ?
-Жүдо болон гүйлтийн спортод амжилт гаргасан хүн цөөнгүй бий. Манай хүү гэхэд хонхот бөмбөгийн спортод тогтмол амжилт гаргадаг.
-Бэлтгэлгүй бол гүйхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг юм билээ. Харин та марафонд оролцохыг хүсэж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Марафонд гүйж ирээд сунгалтын дасгалаа сайн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бие булгарах, хөлийн шөрмөс татах эрсдэлтэй. Мөн сэтгэл зүйгээ бэлдэж, өөрийгөө зоригжуулах нь чухал. Холын зайд гүйх бол хурдаа сааруулж болохгүй. Буцаад хэмнэлдээ ороход амаргүй байдаг. Нэг хэмнэлээр гүйх хэрэгтэй. Бариа дөхөөд ирэхээр хурдаа нэмдэг. Эхлээд хурд авчихвал багтрах эрсдэлтэй. Гүйж байгаа үед хором ч зогсох боломжгүй. Замдаа ариун цэврийн өрөө орно гэж байхгүй. Амаа усаар чийглэх төдий болоод л гүйдэг. Нас ахихаар бас ядардаг юм байна. Энэ марафоны дараа жаахан ядарлаа. Гэхдээ өөрийгөө ялан дийллээ. “Би чадна” гэж өөрийгөө зоригжуулдаг. “Чадахгүй бол анхнаасаа яах гэж гүйсэн юм” гэж бэлтгэлээ хийхдээ ч өөртөө хэлдэг юм.
-Хэзээнээс харааны бэрхшээлтэй болсон талаараа ярьж болох уу?
-Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хараагаа 90 хувь алдсан гэж үздэг. Хичээл, номоо харахгүй болсон тул ээж минь намайг дөрөвдүгээр ангиас сургуулиас гаргасан юм билээ. Хараагүйчүүдийн үндэсний төвд 24 жил ажиллаад 2022 онд тэтгэвэрт гарсан. Ажлынхаа хажуугаар бэлтгэлдээ анхаарч, тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцож ирлээ. Улсын спартакиадад олон жил орсон. Хэнтий аймгийнхаа нэрийн өмнөөс амжилттай оролцож, тэргүүн байрыг нь удаа дараа авч байлаа.
-Таныг өнөр өтгөн айлын том охин гэж сонслоо. Дүү нараа өсгөж хүн болгосон гэдэг юм билээ.
-Би Хэнтий аймгийн Галшар сумд төрсөн. Ээж минь намайг 17 настайд өөд болсон юм. Би найман дүүгээ өсгөсөн. Хамгийн бага дүү минь нэг настай үлдсэн дээ. Аав минь бага ангийн багш. Өглөө ажилдаа яваад орой ирнэ. Би дүү нараа харж гэртээ үлдэнэ. Тэднийгээ цэцэрлэг, сургуульд өгөх, авах, хоол унд, гэр орны ажлыг ганцаараа л амжуулдаг байсан. Аавдаа тус дэм болохын тулд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байлаа. Дараа нь талхны цехэд ажилд орсон. 1993 онд Улаанбаатар хотод ирж, Хараагүйчүүдийн үндэсний төвд ажиллах болсон юм. Тэр үедээ нөхөртэйгөө танилцсан. Бид хоёр ажлынхаа хажуугаар наймаа хийж, амьдрал ахуйдаа нэмэрлэдэг байв. Галт тэргээр ус, ундаа зөөж зарна. Литрийн сүү, спирт хүртэл зарж явлаа. Тэр үеийг бодвол одоо амьдрал сайхан болсон. Аав, ээж минь миний амжилттай явааг үзэж чадсангүй. Гэхдээ дүү нараа хүний зэрэгт хүргэж, спортод амжилт гаргаж буйг минь тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг.
-Таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийн талаарх асуултаар ярилцлагаа өндөрлөе. Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-БНСУ-д болох олон улсын марафонд оролцохоор маргааш (өнөөдөр) хөтчийнхөө хамт явах гэж байна. Хагас марафон буюу 21 км-ийн зайд гүйх юм. Ямар ч байсан замаа амжилттай дуусгана. Гадаадын зургаан улсын тэмцээнд оролцвол тусгай медаль олгодог юм билээ. Цаана нь дөрвөн улс үлдэж байна. Цаашид ч гүйнэ, зогсохгүй. Мөн жаахан гялайж буй нүдээрээ огт хардаггүй хүмүүст туслах юм сан гэж боддог. Ажил төрөл хөөцөлдөх, албан байгууллагаар явахдаа манайхан намайг дуудаж, хөтчөө болгодог юм.