Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх тэргүүтэй хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 28-нд хийхээр товложээ. Эл хэрэгт дээрх хоёр хүнтэй хамт О.Ганзориг, Н.Мандал, М.Мөнхбазар, М.Амартунгалаг, М.Энхбаяр, Г.Алтайхүү, М.Цэцэгсүрэн, М.Мөнхтөр, Б.Тунгалагтуяа нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-2, 22.4-4, 22.5-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хахууль авсан, хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ. ЖДҮГ-ын хэлтсийн дарга нар албан тушаалаа урвуулж, зээлийн эргэн төлөлттэй холбоотой хөрөнгийг үндэслэлгүй бууруулж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авчихаад эргэн төлөхгүй байсан нэгэн аж ахуйн нэгжээс өр төлбөрийг нь гаргуулахаар нэхэмжлэл бичиж иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Надмидцэдэн, Б.Алтансүх тэргүүтэй ЖДҮГ-ынхан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байдаг. Ингэхдээ тухайн компаниас гаргуулах 612.1 сая төгрөгийг 427.8 сая болгон бууруулж, эвлэрлийн гэрээ хийн, байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдсан билээ. Ингэж давуу байдал бий болгохдоо хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан юм.