Нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгийн үнэтэй нийт 420 тэрбум төгрөгийн өртгөөр авсан ногоон автобусны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хуучин автобусыг "шинэ" хэмээн гаалийн бүрдүүлэлт хийж, нэвтрүүлсэн тухай хөндөгдлөө. Улмаар 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгдсөн байна. Шинжээчдийн багийн дүгнэлтэд техникийн тодорхойлолт боловсруулж, батлуулахдаа бодлогын баримт бичгүүд, шаардлагатай эрх зүйн актуудыг дутуу судалсан гэж үзэх үндэслэлтэй байна гэдгийг тодотгов. Улмаар ажлын хэсэг автобуснуудыг хүлээн авахдаа, техникийн тодорхойлолтод заасны дагуу нэг бүрчлэн үзүүлэлт бүрээр тулган, шалган хүлээж аваагүй аж. Дунд багтаамжийн Huyndai county маркийн автобус, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo BS 106 маркийн автобусны үйлдвэрлэгчийн "техникийн баримт бичгийн бүрдэл хангалтгүй" гэж үзжээ.
Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй, "Daewoo BS 106" маркийн автобусны тухайд хөдөлгүүрийн экологийн ангилал нь евро Ѵ байхаар техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээнд тусгагдсан боловч бодит байдал дээр евро II ангилалд хамаарах үндэслэлтэй байна. Мөн Daewoo BS 106 маркийн дизель хөдөлгүүртэй автобусны үйлдвэрлэгчийн таних тэмдэг (VIN дугаар)-ийн арал дээр байршил, пайз бичигдсэн мэдээлэл нь засвартай мэт харилцан адилгүй аж.
Будалтын хувьд, үйлдвэрийн нөхцөлд, технологийн шаардлагын дагуу хийгдээгүй байх магадлалтай. Тодруулбал, техникийн тодорхойлолтод: "Үндсэн арал ферм (truss) бүтэцтэй, тулгуур хэсгүүдэд хүчитгэж даацыг сайжруулж ..." гэж тусгасан, түүнийг нийлүүлэгч хүлээн зөвшөөрсөн нь үйлдвэрлэлийн нөхцөлд туршилтаар баталгаажуулсан аюулгүй байдлын шаардлагад харшлах магадлалтай аж. Түүнчлэн чвах эд ангиудыг зэврэлтээс хамгаалж шүршсэн байдал нь харилцан адилгүй зузаантай байгаа нь эд ангиуд дээрх тэмдэглэл, бичиглэлийг таних боломжгүй байна.
Нийт 600 автобус авахаар төлөвлөснөөс 100 нь нийлүүлэгдсэн. Эдгээр нь үйлчилгээнд ашиглагдаагүй байна. Тиймээс тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх тодорхойгүй байна. Монголд нийлүүлэгдсэн 100 автобусанд АТҮТ-өөс хяналт хийхэд нэг нь тэнцжээ.