Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Хурд пропертийз”, түүний туслан гүйцэтгэгч “Рийверстөүн пропертис” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгааг Усны газраас энэ оны эхээр мэдээлсэн билээ.
Тус компанийнхан 2022 оны нэгдүгээр сараас хойш багадаа 5.7 сая шоо метр усыг хууль бусаар шавхсан гэдгийг мэргэжилтнүүд тухайн үед дурдсан бөгөөд холбогдох байгууллагуудаас удаа дараа хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй үл тоож ирснийг ч хэлсэн юм. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгж байгаль орчны байгууллагуудаас тавьсан шаардлагыг хүлээн авч, зөрчил дутагдлаа арилгах нь бүү хэл, хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, “Риверстөүн пропертис” ХХК уг асуудалтай холбоотойгоор Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Гэвч нэхэмжлэгч тал товлосон хугацаанд шүүх хуралд оролцохгүй хойшлуулж, хугацаа хожиж байгааг Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Тэрбээр “14 хоногийн өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг зарласан. Харамсалтай нь, нэхэмжлэгч тал “Өөр шүүх хуралтай давхацлаа” гээд хурлыг хойшлууллаа. 14 хоногийн өмнө ямар ч давхцалгүй байсан хуульчийн хурал ингэж таарах гэж. Нөгөөхийг нь хойшлуулаад, энэ хуралдаа оролцох боломжтой байсан. Эндээс тус компани асуудлыг шийдвэрлэх биш, харин цаг хожиж, энэ хооронд барилгынхаа ажлыг хурдан дуусгахыг хүсэж байна гэж харагдлаа. Өвдлөө, өмгөөлөгчөө солино гэх мэтээр хоёр жилийн хугацаа “авах” гэж оролдоно биз ээ. Энэ барилгын ажлын улмаас жилд хоёр сая шоо метр буюу томоохон нүүрсний уурхайн жилийн хэрэглээтэй тэнцэхүйц ус хаягдсаар байна” гэв.