Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан ачааны галт тэрэгний өмнүүр шороо ачсан хүнд даацын “Хово” загварын ачааны автомашин орж, зургаан вагоныг замаас гаргасан ноцтой осол өчигдөр 06.32 цагт гарав. Ачааны галт тэрэг Орхон зөрлөгийн дэргэдэх гол замын 73 дугаар км-т байрлах төмөр замын гармаар өнгөрөх үед ачааны автомашин гармын хориглосон дохиоллын систем ажиллаж байхад дайрч орсноос уг осол гарчээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй гэнэ. Харин ачааны галт тэрэгний 31 вагоны зургаа нь зүтгүүрийн хамт замаас гарч, унасан байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ажлын хэсэг гарч, ослын шалтгааныг судалж, сэргээн босгох ажлыг зохион байгуулж буй аж.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт “Ачааны автомашины жолооч, галт тэрэгний зүтгүүрийн болон туслах, зааварлах машинч нарын биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Төмөр замд гарсан гэмтэл, саатлын улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272 дугаар галт тэрэг өглөө (тавдугаар сарын 21) 06.58 цагт хөдлөх байсан ч тодорхойгүй хугацаагаар саатлаа. Зорчигчдын тасалбарын төлбөрийг буцааж шилжүүлсэн. Мөн Түнх зөрлөгөөс 92 зорчигч Улаанбаатар хот руу ирэх шаардлагатай гэсэн учраас нэмэлтээр хоёр вагон гаргаж, зорчигчдыг авчруулахаар боллоо. Гарам дээр улаан гэрэл асах нь галт тэрэг ирж буйг анхааруулсан дохио. Гэтэл энэ дохиог зөрчсөнөөс осол гарлаа. Ийм зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах, торгуулийн хэмжээг нэмэхийг манай байгууллагаас хүсэж байна. Төмөр замгүй аймгаас зорчиж буй жолооч нар ихэвчлэн гармын улаан гэрлийг зөрчдөг” гэв.
Төмөр замын гармыг хаалт болон дохиогоор тоноглогдсон гэж хоёр ангилдаг. Осол гарсан гарам нь хамгаалалт буюу хаалтгүй, дохиоллоор тоноглогдсон аж. Тухайн үед дохиоллын систем хэвийн ажиллаж байсан төдийгүй галт тэрэг гармаар гарах гэж буйг чанга яригчаар зарлан мэдээлжээ. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй бөгөөд транзит ачаа тээвэрлэж явсан аж. Эх сурвалжийн хэлснээр галт тэрэг модон материал тээвэрлэж явсан бөгөөд УБТЗ-д шууд болон шууд бусаар ихээхэн хэмжээний хохирол учирчээ.
Ташрамд дуулгахад, энэ он гарснаас хойш жолоочийн буруутай үйлдлээс болж галт тэрэгтэй автомашин мөргөлдсөн осол долоон удаа гарчээ.