БНХАУ-ын Шанхайд ирэх сарын 10-16-нд оюутны ДАШТ болно. Тус тэмцээнд Монголын футзалын шигшээ багийнхан С хэсэгт Украин, Шинэ Зеланд, Хорватын хөл бөмбөгчидтэй тоглох нь. Манайхан хүчтэй багуудтай өрсөлдөхөөр учраа таарсан тул тэмцээн эхлэхээс өмнө дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нарын удирдлагад бэлтгэлээ базаахаар Казахстаны Астана хотод хөл тавьсан. Тэд тэнд шигшээ багийнхантай нь хамтарсан бэлтгэл хийж буй юм. Үүний зэрэгцээ энэ сарын 16-19-нд зохион байгуулсан “Елеу кап” тэмцээнд оролцлоо. Тоглолтын салхийг манай тамирчид хагалж, эзэн орны Актау хотын “Каражанбасмунай” багийнхныг 6:2-оор хожив. Дараагийнхад нь Астана хотын “Сайран”-ы тоглогчдыг буулган авснаар хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарчээ. Тэгвэл шигшээд Алматы хотын “Цезарь плаза” багийнхантай өнөөдөр өрсөлдөнө.