Монгол улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 17-оос зургадугаар сарын 2-ныг дуустал зохион байгуулна.
“Бурхан багшийн лагшин эрдэнэс” сэдэвт үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Бурхан багштай холбогдох танка, цутгуур, зээгт наамал гэсэн бурхан урлалын төрөлд хамаарах үзмэр мөн бичиг үсгийн ховор нандин 40 гаруй үнэт үзмэрүүдийг дэглэжээ. Мөн тавдугаар 20-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улс дахь “Буддагийн Олон улсын музей”-д хадгалагддаг Бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ болон бурхны зарим шарира гэх ринсрэлийг Монгол Улсад залан тус үзэсгэлэнд дэглэн үзүүлнэ.
Шарира гэдэг нь буддын шашны оюун санааны багш нарыг чандарласан чандараас олддог үр тариа шиг сувдан болор үрэл юм. Энэ нь Бурхны сургаалаар гэгээрсэн багш нарын оюун ухаан, сэтгэлээ хэр сайн хөгжүүлсний нотолгоо болдог бөгөөд шилэн аяганд хийж сайн нөхцөлд хадгалагдсан тохиолдолд савандаа нууцлаг байдлаар үрждэг гэж үздэг аж.
Мөн үзэсгэлэнгийн нэгэн онцлох зүйл бол Богд Хааны Ордон музейд хадгалагдаж буй Их эрдэнийн шүтээн гэх бурхан багшийн шүд эрдэнийг дэлгэн үзүүлнэ. Бурхан багшийн нандин шүтээн учир адис жинлав, эрчим энергийг хүртэж болохын хувьд Их эрдэнийн шүтээн ринсрэл нь хосгүй үнэтэй ижилгүй содон үзмэр юм.
Өндөр гэгээний намтар болоод Эрдэнэзуу хийдийн түүхийн холбогдолтой олон сурвалжуудад ”Халхын Автай сайн хаанд III Далай лам Содномжамц Галд үл шатагдагч шарил эрдэнэ, Пагмадүв бурхны чулуун хөрөг сэлт нандин шүтээнүүдийг өргөжээ. Уг шүтээнийг Эрдэнэ зуу-д залж, учир мэдэх дээдэс маань удам дамжуулан шүтэж ирсэн билээ.
Бурхан багшийн лагшин эрдэнэс үзэсгэлэн нь “Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой”, Бурхан багшийн их дүйчин өдөр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, Олон улсын музейн өдөр, Хаан ордны хавар гэх мэт олон тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.